Сар шувуу ховордож байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Сар шувуу ховордож байна гэв

“Азийн махчин шувуу судлах, хамгаалах өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний VI бага хурал  өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд болж байна.  Энэхүү хурлыг Азийн махчин шувуудыг судлах, хамгаалах сүлжээ, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монгол Улсын их сурууль, Байгаль орчин аялал жуулчлалын яам,Монгол Улсын шинжлэх ухааны академиас хамтран зохион байгуулж буй юм.  Энэ үеэр Монголын шувуу судлалын нийгэмлэгийн  дарга доктор, профессор  С.Гомбобаатараас зарим зүйлийг тодрууллаа.
– Манай улсад махчин шувууг судлах хамгаалах ажил ямар шатанд байна?
– Монгол орны хувьд махчин шувуудыг  эрт цагаас эхлэн тотем шүтээнэ болгож, ан агнуурт ашиглаж, баян чинээлгийн бахархал болгож байсан түүхтэй.  Ийм түүх ихэнх оронд бий шүү.  Байгаль нийгэм, түүхийн эх сурвалж, баримтаас дүгнэвэл махчин шувуу хүмүүсийн амьдралд  онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Махчин  шувууг судлах хамгаалахад шувуудын үүрэлдэг, өвөлждөг, зусдаг, нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг улс орон бүр хамтран ажиллах хэрэгтэй. Тэр дундаа эдгээр  улс орныг  төлөөлсөн судлаач, эрдэмтэд бодлого боловсруулагчид, бодлого хэрэгжүүлэгчид туршлага солилцох шаардлагатай байна. Өнөөдөр  цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж  байгаа юм. Цаашдаа ч бид судлах ажлаа улам өргөжүүлнэ.
-Өнөөдрийн эрдэм шинжилгээий бага хуралд хичнээн төлөөлөгч оролцож байгаа вэ?
-23 орны 130 орчим төлөөлөгч оролцож байна. Тэр дундаа  Азийн  махчин  шувуу судлах, хамгаалах сүлжээ байгууллагын дарга Тору Яамазаки,Перегрин фондын  хамт олон, доктор Рик Вастон хэмээх чухал төлөөлөгч ирсэн байгааг онцлох нь зүйтэй.  Дээрх эрдэм шинжилгээний бага хурал нь  манай орны махчин  шувуу судлалд онцлог үйл явдал болж байна. Түүнчлэн Азийн улс орны махчин  шувуудын судалгаа,хамгаалалд чухал ач холбогдолтой юм.
-Дэлхийд болон манай оронд нэн ховордож байгаа ямар махчин шувуу байна вэ?
-Шилийн сар, хээрийн бүргэд, цармын бүргэд, идлэг шонхор,амарын шонхор, зээрд шонхор, нөмрөг тас, усны нөмрөг бүргэд, ооч ёл зэрэг ховордоод байгаа.   Дээрх шувуудын өндөглөн зусдаг, үржийн чухал нутаг Монгол орон шүү дээ.
Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж