-Та “Аз жаргалын шок” уран бүтээлийнхээ зохиол болон найруулга дээр нь ажилласан. Таны дараагийн уран бүтээл хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
-Таван сарын эхээр кино зураг авалтандаа гарна даа. Одоогоор бэлтгээд л явж байна. Өмнө гарсанаасаа өөр жанрын уран бүтээл бий.
-Өөр гэвэл ямар төрлийнх байх вэ. Жүжигчдийн хувьд…Өмнө та найзуудаа сонгож тоглуулсан шүү дээ?
-“Action drama” жанр. Монголын кино ертөнц хүлээн зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй байна. Ер нь бол шүүлтүүр бол үзэгчдээс л гарна л даа. Олон жүжигчид байгаа. Мэдээж “Фантастик” продакшны уран бүтээлчид бүгдээрээ оролцоно. Ер нь олон уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй уран бүтээл болно. Ахмад жүжигчидээс маань ч гэсэн уг кинонд ажиллах санал тавьсан байгаа.
-Таны бодлоор жүжигчин хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм бэ?
-Жүжигчин хүн гэж тайзан дээр ч тэр, дэлэгцэн дээр ч тэр маш сонирхолтой амьдардаг хүнийг л хэлэх байх даа.
-Таны амьдрал сонирхолтой байна уу?
-Миний амьдрал сонирхолтой байна. Амьдрах гэдэг маань үнэн сэтгэлээсээ тайз дэлгэцэн дээр амьдарч чадаж байгаа хүнийг л жүжигчин хүн гэх байх.
-Өнгөрсөн баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 18-нд болсон урлагийнханы тайван жагсаалын үеэр та оролцож байгаа харагдсан. Энэ талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?
-Урлагийнхны цалин бидэнд хамаагүй асуудал гээд хаячихаж болохгүй. Урлагаар дамжуулан нийгэмд хэрэгтэй маш олон том боловсролуудыг өгч байдаг. Тийм учраас улсын гэсэн тодотголтой байгууллагуудыг дэмжих хэрэгтэй. Урлагийн салбарт ажиллаж байгаа залуус банкнаас зээл авах гэхлээр хүрдэггүй. Цалин нь зээл авах боломжгүй хэмжээтэй байдаг. Уран бүтээлчийн ажил хүнд шүү дээ. Биеийн, оюуны хөдөлмөр эрхэлж гүйсээр байгаад амьдралаа алдах магадлалтай. Урлагтаа үнэн ч байхад нь ядаж ар гэртээ хангалттай цалинтай байх хэрэгтэй. Тэрнээс биш бүх л уран бүтээлчид мэргэжилдээ хайртай байдаг.
-Урлагийн салбарынханд уран бүтээлийн урамшуулал олгосон нь дээр үү, цалинг нь нэмсэн нь дээр үү?
-Хэцүү л дээ…мэдээж цалингаа авсан нь дээр л дээ.
-Олон уран бүтээлд тогложээ. Тайз дэлгэцийн гэх мэт. Таны бодлоор Монголын кино урлагийн салбар хөгжиж байна уу?
-Кино урлаг хөгжиж байгаа. Хэчнээн кино нээлтээ хийж байгааг харахад андашгүй. Манай жүжигчид, найруулагчдын чанар сайн. Гэхдээ аливаа зүйл шууд огцом хөгжихгүй бага багаар хөгжинө. Манай кино урлаг хөгжиж байгаа.
-Сүүлийн үед кино урлаг мөнгө хөөдөг болсон гэсэн шүүмж сүүлийн үед их гарч байна л даа…?
-Уран бүтээлээ ч хийдэг ашгаа ч хийдэг байх хэрэгтэй гэж боддог. Зарим хэт ашиг хөөсөн сонин бүтээлүүд бийг үгүйсгэхгүй. Яаруу сандруу, зохиолын логик байхгүй, хүчээр хүнийг инээлгэх гэсэн хэдэн цаас харсан бүтээл бий. Гэхдээ удахгүй энэ жанраараа хийхдээ арай өөр дэвшил хөгжилрүү тэмүүлсэн зүйл болох болов уу гэсэн бодолтой байгаа. Нийгэм өөрөө стресстэй байгаа учраас хүмүүс инээдмийн кино их үзэх сонирхолтой байдаг хүссэн хүсээгүй. Тийм ч учраас үзэгчид тийм зүйлийг үзэхийг хүсээд үзээд байна. Миний бодлоор хэдий тийм байгаа action drama гэх энэ төрлийг хүлээж авах талруугаа эргэх болов уу.
-Зохиолын сэдвийн давхцал. Бид нар Copy, past гэж ярьдаг. Энэ зохиолын сэдэв, санаа давхцах болов уу?
-Зарим нэг хүмүүс ярьж л байна лээ л дээ. Аз жаргалын шок сopy, past байна лээ гээд. Гэхдээ би Монголд анхдагч нь болсон. Ийм жанрын кино олон байдаг. Тэд нарыг би үзээгүй гэж хэлэхгүй гэхдээ хэзээ нэгэн цагт үзчихсэн байсан. Харин миний хэлэх санаа энэ жанртай ойртож байсан учраас энэ жанраар хийсэн. Эхнэр нөхөр хоёр бие биенийхээ биенд солигдож орох. Монголд хэрвээ ийм зүйл болвол яах вэ гэсэн өнцөгөөр хийсэн. Тэрнээс биш зохиолыг нь хулгайлаад тийм кинотой адилхан хийнэ гэсэн санаа байгаагүй ээ. Зохиолдоо хүмүүс мөнгө гэхээр нүдээ ухаад өгөхөөс холгүй болсон талаар өгүүлэхийг зорьсон. Миний хамгийн сайн найз намайг мөнгөнөөс яаж өгөхийг би мэдэхгүй. Гэр бүл, найз нөхөр, аав ээж гэх мэт харилцаануудад мөнгөнөөс өөр нандин холбоо байгаа биз. Тэр холбоог мөнгө гэдэг зүйл тасалж болзошгүй, хүнийг юу ч хийхээс буцахааргүй болгодог шидийн татах хүч байна л даа. Тэр санааг гаргахыг оролдож эцэст нь тэр мөнгө гэдэг зүйлийг нь шатааж хэнд нь ч хэрэггүй болгочихвол миний санаа атгагдах байх гэж бодож байгаа. Нүдэндээ бол гадаадын кинонууд шиг юм төсөөлөөд харчихсан. Ямар бүтээл болохыг хийсний дараа л хэлнэ дээ. / Инээв /
-Урлагийн хүмүүсийн дотоод ертөнц их зөрчилтэй байдаг юм шиг ээ…Та өөртэйгөө хэр зөрчилддөг вэ?
-Хэрвээ хүн өөртэйгөө зөрчилдөхгүй бол урсгалаараа л амьдрах байх. Харин сөрж, сөргөлдөж байж цаашаа явна шүү. Алдаж онох бол миний хариуцлага. Гэхдээ шийдсэн бол ажлаа дуусгадаг зантай.
-Ямарч зөрчилтэй байсан шийдвэр гаргавал хийж дуусгадаг гэсэн үг үү?
-Тийм. Хийнэ гээд шийдчихсэн бол зөрчилдсөн ч хамаагүй хийгээд дуусгана шүү. Нойр хоолгүй дуусгана гээд л явчихдаг юм.
-Таны талаар хэвлэл мэдээллээр папараци мэдээлэл их тарсан байх юм. Яагаад тийм байдаг юм бол та үнэхээр папарацитай амьдраад байдаг юм уу. Зүгээр л явж байхад чинь л папарацитаад байна уу?
-/Инээв /. Мэдэхгүй ээ манай найзууд хэлдэг юм хааяа “чи тэр сайтад гарчихаж тэр сэтгүүл дээр гарчихаж” гээд л…Би тоодоггүй юм. Чи ажлаа хийгээд л явж байгаа, би ч гэсэн ажлаа л хийгээд явж байна. Тэр хүн ч ялгаагүй ажлаа хийгээд л явж байгаа нь тэр юм даа. “Б.Тамираа нээрээ тийм дээ онгироо сагсуу, их зантай” гэх мэт зөндөө зүйл ярих нь бий. Гэхдээ би тоодоггүй юм. Аливаа зүйл хэм хэмжээнээсээ хэтэрч болохгүй хэрвээ хэтэрвэл би ч бас дуугарах байх л даа.
-Бүүвэй жүжиг юуны тухай өгүүлэх вэ?
-Найруулагчийн маань санасан зорилго нь хүн хэвлийдээ хүүхэд тээсэн бол түүнийгээ заавал төрүүлэх ёстой гэсэн өнцгийг харж байгаа. Нийгэмд байгаа асуудал, залуучуудын алдаж эндээд байгаа асуудлыг тусгаж өгсөнөөрөө онцлогтой болов уу.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг найруулагчийн найруулсанаар дөрөвдүгээр сарын 23-нд нээлтээ хийнэ. Драмын театрын уран бүтээлчид тоглож байгаа жүжиг. Реклам болон дуу нь гарчихсан цацагдаад хүмүүст хүрээд эхэлчихсэн.