“Д.Батцогт хурал тасалдаг гишүүн болох биз”

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

“Д.Батцогт хурал тасалдаг гишүүн болох биз”

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол болон Хяналтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн байна. Засгийн газраас Эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан. Энэ тогтоолыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч Засгийн газраас эргүүлэн татаж, баасан гаригт дахин өргөн барьсан.

Эвслийн бүлгээс Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан Сангийн сайдаас мэдээлэл сонсчээ. Тогтоолын төсөл нь Үндэсний их баяр наадам хүртэл, бүхэлд нь эдийн засгийг эрчимжүүлэх гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих юм байна. 22 заалттай тогтоолтой холбогдуулан 10 гаруй томоохон хуулийн төслүүд шинээр гарахаар байгаа бөгөөд эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд одоо байгаа санхүү, хүн хүчний хүрээнд зохион байгуулах шаардлагатай гэсэн байр суурийг “Шударга ёс” эвслийн бүлгээс илэрхийллээ.  Тус бүлгийн хуралдаанаар Хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ. Хяналтын тухай хуулийг Засгийн газраас өнгөрсөн намрын чуулганы үеэр эргүүлэн татсан байсан ч  концевцын хувьд өөрчлөлт оруулан дахин өргөн барьсан байна. Энэ хуулийн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд эвслийн бүлгийн зүгээс дэмжиж ажиллахаар болжээ. Гэхдээ эвслийн бүлгийн зүгээс хууль эрхзүйн зохицуулалт дээр ойлгомжгүй, шинээр томъёолох, нийгэм өөрөө хяналтын чиг үүргийг ямар хууль эрх зүйн орчноор зохицуулах гээд олон асуудал байгаа учраас анхаарч ажиллахаар болсон байна.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Өршөөлийн тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэн бүлгийн даргадаа албан тоот хүргүүлсэн байна. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Х.Тэмүүжингийн асуудлаар Хууль зүйн байнгын хороо хуралдахдаа горимын санал гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж бүлгийн удирдалагадаа хандаад байгаа юм байна. Тиймээс  эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг дээрхи хоёр гишүүний албан тоотыг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллана гэлээ. Үүний дараа тус бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарах хүсэлтээ өгсөн үү?

-Д.Батцогт гишүүн одоогоор бүлгээс гарах талаараа ямар нэг бичиг, цаас өгөөгүй. Бүлгийн хуралдааны үеэр асуудал хэлэлцэж, маргах зуур бүлгийн хуралд суухгүй гэж хэлээд гараад явсан. Дэгийн тухай хуулийн дагуу гишүүн бүлгээс гарах эрх зүйн зохицуулалт байдаггүй юм билээ. Яагаад гэвэл сонгуульд аль нэг субъектээс нэр дэвшсэн. Тэгэхээр тэр нэр дэвшин сонгогдсон субъекттэйгээ бүрэн эрхийн хугацаанд байх хуулийн зохицуулалттай. Цаашид бүлгийн хуралдаа суухгүй бол  хурал тасалдаг гишүүн л болж хувирна даа.

-МҮАН, МАХН-ын дунд үл ойлголцол байгаа гэсэн хардлагыг төрүүлээд байна л даа?

-Тийм зүйл байхгүй. Бид хувь гишүүний хувьд найзууд. Ажлын шаардлагаар хоорондоо маргах, санал гомдол гаргах зүйл байдаг шүү дээ. Магадгүй Д.Батцогт гишүүн өөрөө улстөрийн шийдэл гаргах гээд ийм зүйл болсон байж магадгүй гэсэн таамаг төдий л байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж