Ш.Түвдэндорж:Их хурлын шийдвэр засгийг огцруулахгүй

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндорж:Их хурлын шийдвэр засгийг огцруулахгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

 -УИХ-ын чуулганаар Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуулийг хэлэлцэн 2014 оны долдугаар сарын нэгнээс давхар дээлийг тайлуулахыг дэмжсэн. Цаашид энэ хууль тэр чигтээ явсаар батлагдах юм биш биз гэсэн асуулт байна. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Өнгөрсөн намрын чуулганы сүүлээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж эхлэхэд Ардчилсан намын зүгээс завсарлага авснаар чуулган завсарласан. Ингэснээр уг асуудал хаврын чуулганы эхэнд үргэлжлүүлэн хэлэлцэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Ухаалаг төр" гэсэн санаачилга гаргахдаа төрийн данхайсан байдлыг цомхотгож ухаалаг байдал руу шилжүүлье гэсэн. Нөгөө талаас УИХ-ын гишүүдээс нэлээдгүй олон нь Засгийн газрын гишүүн байхаар УИХ-ын үйл ажиллагаанд нөлөөлж эхэлсэн юм. Ухаандаа гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх засаглал гэсэн сонгодог хэлбэр алдагдахаар болсон. Гүйцэтгэх засаглалд нь хууль тогтоох засаглалынхаа дээр гарах нөхцөл үүсээд байгааг Ерөнхийлөгч олж харсан. Хуулийг хэлэлцэх явцад зарим хүмүүс улс төрийн ашиг хонжоо хайх зүгээс харж байхад нөгөө хэсэг нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгахыг зорьж байна. Гүйцэтгэх засаглал хууль тогтоох засаглалаа салгаж явах нь зүйтэй гэсэн олон бодлын уулзвар дээр чуулганы санал хураалт явагдлаа. Ачаалал авсан ч тухайн ажлаа гүйцэтгэж чадаж байгаа тохиолдолд энэ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хийхэд болохгүй зүйлгүй. Зарим тохиолдолд Их хурлын ирц бүрдэхгүй байх, Засгийн газрын гишүүд хуралдаа оролцохгүй гэх мэт зүйлс гарч байхыг үгүйсгэхгүй. Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байхын нэг давуу тал нь парламентад байгаа фракц, улс төрийн хүчин түүний харьцаа төрийн институц хооронд яаж явж байгааг анзаардаг. Тиймээс зарим зүйлд нухацтай хандаж төдийлөн оролцдоггүй. Тэр үүднээсээ ерөнхий чиг үүргийн яам хариуцаж байгаа сайдууд Ерөнхий сайд Их хурлын гишүүн байвал улс төрийн тогоонд болж буй үйл явцыг мэддэг тул үйл ажиллагаагаа явуулахад дөхөм.

Засгийн газрыг хэт нэг тийш нь туйлшруулах, эсрэг савлуулах хоёр мэдээж сайн үр дүнд хүргэхгүй. Тиймээс миний хувьд санал өгөхдөө УИХ-ын гишүүн ерөнхий чиг үүргийн яаманд сайд байж болно гэж үзээд санал хураалтыг дэмжсэн. Хэдийгээр улс төрийн үйл явц бужигнаантай байгаа боловч юу юугүй Засгийн газрыг огцруулаад улс оронд тогтворгүй байдал үүснэ. Мөн асуудал дагуулсны эцэст наашаа хандлагатай болж байгаа хөрөнгө оруулагчдыг дахин үргээх магадлалтай тул Ерөнхийлөгчийн зүгээс 2016 оны долдугаар сарын нэгнээс хуулийг хэрэгжүүлнэ гэсэн нь санаандгүй хэлсэн тоо биш гэдгийг батлаад байгаа юм.

-Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуулийг сөрөг хүчин Засгийн газрыг унагах хэрэгсэл болгоод байна. Та үүнд ямар бодолтой байгаа вэ?

-Цэвэрхэн хэлэх юм бол хуулийн аргаар Засгийн газрыг огцруулах үйл явц явагдаж байна. Мэдээж сөрөг хүчин Засгийн газрыг муу ажиллаж байна хэмээн огцруулж улс төрийн оноо авах зорилготой ажилладаг. Гэхдээ өөрсдөө оноо авахын тулд улс орныхоо эдийн засгийг унагаах шийдвэрийн төлөө явна гэдэг нь сөрөг хүчнээс зохион байгуулж байгаа энэ ажиллагааг би буруу гэж шууд хэлнэ. Сөрөг хүчинд Засгийн газар болон олонхийн бүлэгтэй тэднийг сонгосон иргэдийн хүслийг биелүүлэхийн тулд хуулийн төсөл өргөн бариад хамтарч ажиллах боломж бий. Үүнийг өмнөх Засгийн газрууд харуулж өгч чадсан. Тэгэхгүйгээр ганц арга нь Засгийн газрыг огцруулах зам бий гэх мэтээр бүхнийг харлуулах явуургүй үйл ажиллагаа хийх юм бол сөрөг хүчний нэр хүнд улам л унах болно. Их хурлын шийдвэр Засгийн газрыг огцрох хэмжээнд хүртэл явна гэж бодохгүй байна. Байнгын хороон дээр уг саналыг гуравны хоёроор унагачих юм бол Их хуралд унаад ороод ирнэ. Эсвэл өөр нэг зөрчилтэй зүйл яригдаад байсан нь ганцхан Ерөнхий сайд Засгийн газарт байж болно гэдэг нь Үндсэн хуультай харшилдах маягтай байсан. Түүнийг нь засаж оруулсан. Одоогоор Үндсэн хуулийн цэцийн  шийдвэр гараагүй тул тэгсэн, ингэсэн гэж ярих боломжгүй. Ерөнхий чиг үүргийн яамдын сайдууд УИХ-ын гишүүн байж болно гээд тодорхой заагаад өгчихлөө. Тиймээс Ерөнхийлөгч хуулийн төслөө татаж авах асуудал бараг гарахгүй болов уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс уг хууль өөрөөр батлагдвал хориг тавина гэдгээ мэдэгдсэн. Хэрэв хориг тавьсан тохиолдолд 26 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихсан тохиолдолд хүчин төгөлдөр болдог. Саяын санал хураалтаар 34, 35 гэсэн санал гарсан тул ямартай ч 34 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжтой гэсэн үг. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авчихаар энэ Засгийн газар цаашид үйл ажиллагаагаа явуулна гэдгийг 51 хувьтай хэлж болно.

-Ардын намын зүгээс юу юугүй Засгийн газар огцрох гэж байгаа мэт мэдээлэл тараагаад байна л даа. Хэрэв уг хууль батлагдлаа гэхэд ямар ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Эдийн засаг ийм байгаа нөхцөлд Засгийн газар огцруулахыг хэн хүн хүсээд байх зүйл биш. Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай "Засгийн газар олон огцрох нь муу. Муу Засгийн газар удаан байх нь бүр муу" гэж хэлсэн байдаг. Энэ үгийг улстөрчид хаа хаанаа бодох л хэрэгтэй. Сөрөг хүчний зүгээс улс төрийн тоглолт нь амжилтанд хүрсэн тул ард түмэнд үүнийгээ мэдэгдэхийн тулд янз бүрийн аргаар иймэрхүү зүйл ярьж байна. Жирийн иргэд мэдээлэл муутай байдаг тул Засгийн газар огцрох болчихсон юм байна гэж ойлгоод эхэлсэн нь гадны хөрөнгө оруулагчдад таатай сонсогдохгүй байгаа. Засгийн газар огцрохгүй байх нь мундагтаа хийж байгаа зүйл биш. Харин ч эх орныхоо төлөө хийж буй үйл хэрэг. Пүрэв гаригийн санал хураалт салбарын сайдуудын чинь ажил болохгүй байна гэдэг сануулгыг өгсөн хэрэг. Тэр үүднээсээ Ардчилсан нам Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүн хийж ажлыг дахин авч үзэх шаардлага харагдаж байна гэсэн үг.

-Санал хураалтын дүнгээс харахад Ардчилсан намын зарим гишүүд эсрэг санал өгч байгаа харагдсан. Ардчилсан намынхан дотроо эв түнжин муутай байна уу даа гэж бодогдох юм?

-Эв түнжин муу байна л гэж бусад хүмүүст ойлгогдоно. МАН хуучин эв түнжин сайтай гээд хамаг муу муухайгаа нуугаад буруутай гишүүн байсан ч ямар нэгэн аргаар авч үлдэх гэсэн аргаар асуудалд хандаж ирсэн. Харин манайхан казиногийн хэрэг гээд хоёр гурван гишүүнээ явуулж байсан. Хэд хэдэн Засгийн газраа хүртэл огцруулж явсан түүхтэй. Манай нам бусад намуудыг бодоход эрх чөлөөтэй, үзэл бодлоо шуудхан хэлчихдэг, хэрэгжүүлдэг онцлогтой. Ардчилсан намын дүрэмд аймгийн Засаг дарга болон Засгийн газрынхаа эсрэг санал өгвөл намаас хасах ганцхан заалттай. Бусад санал хураалтад гишүүд өөрсдийн үзэмжээрээ санал өгдөг онцлог бий. Бид эвтэй найртай гээд дотроо бугшаад байх юм бол асар их аюултай. Эрх барьж байгаа хүмүүс нь саарал ордны хаалгаар ороод амьдралаас тасарчихдаг. Нүх сүвгүй болсон эрх баригчид руу агаар салхи оруулж, чихний бөглөөг нь онгойлгох зорилгоор сөрөг хүчин ажилладаг. Сөрөг хүчин эрх баригчдаа хэтэрхий муулаад, огцор гээд унахаар эсэргүүцэхийн тулд эсэргүүцэж байна гээд үгийг нь төдий л хүлээж авдаггүй. Харин дотроос болох болохгүйг нь хэлээд эхлэхээр цочир авдаг. Харахад намынхаа эсрэг яваад байгаа мэт боловч үнэн чанартаа намынхаа дотор болж бүтэхгүй байгаа тэр бүхнийг хэлж байгаа гэдэг үүднээс хүлээж авах ёстой.

-Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн хүнийг намаас хасна гэдэг заалт уг хуульд хэрэгжих үү. Санал хураалтаар нэлээдгүй гишүүд Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн шүү дээ?

-Одоо шууд хэлчих боломжгүй. Хэд хоногийн дараа үр дүн нь гарсны дараа л хэлэх ёстой. Чуулган дээр батлагдсан санал хэдэн хэдэн үндэслэлээр унах магадлалтай. Хууль эрхзүйн онолын үүднээс уг асуудлыг арай өөр өнцгөөс тайлбарлаж болно. Засгийн газрыг огцрох эсэх дээр кноп дарах нэг өөр л дөө.

-Урваж шарвах зүйлс гарах юм биш үү?

-Тойргоос сонгогдсон гишүүдийг намын зүгээс барих төвөгтэй. Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд намын үг, даалгаврыг шууд биелүүлэхээс өөр аргагүй байдаг. Пропорционалийн тоог нэмээд өгөхөөр урваж, шарвадаг хүмүүсийн тоо цөөрнө. Хэрэв урвалаа гэхэд түүнийг хасаад дараагийнх нь хүн орж ирдэг болох ёстой. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гээд өргөн хүрээнд ярих учиртай.

-Засгийн газар таныхаар ямар ч нөхцөл үүссэн тогтвортой ажиллана гэдгийг батлах уу?

-Засгийн газар тогтвортой ажил­ланаа гэдгийг хэлье. Гэх­дээ Ардчилсан намын бүтэц бүрэл­дэхүүнд тодорхой өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Учир нь энэ чигтээ цаашид явж болохгүй гэдгийг бэлхнээ харуулчихлаа. УИХ-ын санал хураалтын байдал цаашид хэрхэн эргэхийг хэн ч таашгүй. Хууль эрхзүйн хүрээнээс харахад Засгийн газар тогтвортой ажиллах боломж бий. Улс төрч хүний хувьд нам бодлогоо өөрчлөх ёстой гэдгийг хэлмээр байна.

-Ямар бодлого өөрчлөгдөх юм бэ. Засгийн газрын кабине­тын тааруу ажиллаж байгаа сайдуудыг сугалах юм уу?

-Энэ хүрээнд бүхий л асуудлыг ярьж болно. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад Үндэсний зөвлөлдөх хороо хурлаа хийж л таараа. Энэ хүмүүс урвасан, эсвэл зөв дохио өгч байна гэх юм уу, Н.Алтанхуягийг цаашид яах юм, бусад сайдуудыг хэрхэх вэ гээд эцсийн шийдвэрийг тэнд гаргах ёстой. Нам дээр бүх асуудлыг ярих юм.

-Хугацааг хэдийгээр энэ оны долдугаар сараас мөрдөж эхлэхээр болоод байгаа ч цаашид үүнийг зохицуулах хангалттай боломж байгаа юм гэж ойлгож болох уу?

-Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой. Хамгийн гол нь эцсийн шийдвэр гарах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хууль ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж гарвал хориг тавина гэдгээ шууд мэдэгдсэн. 34 гишүүн эсрэг байр суурь илэрхийлсэн юм чинь эрх биш гуравны нэг болох 26 гишүүн хангалттай олдоно гэж бодож байгаа.

-ҮЗХ хэзээ хуралдах юм бэ. Дөрөвдүгээр сарын 22-нд болох сураг гараад байсан?

-Гарцаагүй хуралдаж таарна. Энэ хууль эцэслэгдээд батлагдангуут Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсны өмнө хойно хуралдахыг сайн мэдэхгүй байна.

-Ардчилсан намд намын дарга болох сонирхолтой хүмүүс нэлээдгүй бий. Гэтэл Н.Алтанхуяг сайд АН-ын даргаар багагүй хугацаанд ажиллаж байна. Ойрдоо албан тушаалаа өгчихөөргүй харагдах юм. Энэ нь хагарлын эхлэл болж 1996 он руу дахин түрчих юм биш биз?

-Тоглолтыг намын хэмжээнд гэхээсээ илүүтэйгээр үндэсний хэмжээнд ярихгүй бол болохгүй. Нэг нь уналаа гэхэд нөгөөхөө зүгээр өнгөрөөдөггүй монгол хүний зан байна. Эргээд хэзээ нэгэн цагт хутга ханцуйлаад очдог л байхгүй юу. Энэ мэт зүйлсийг манай нам үзэхийн дээдээр үзсэн. Тэнэг л биш бол манай нам нэг алдаан дээрээ дахин алдахгүйн тулд нийт гишүүдийнхээ дунд санал асуулга явуулах нь зөв. Тэгэхгүйгээр нэг өрөөнд сууж байгаад тоогоо тоолоод явна гэвэл бүтэхгүй л дээ. Манай нам олон фракцтай тул тэднийхээ эрх ашгийг бодолцохгүй бол манай Ардчилсан нам зад үсрэх нь ойлгомжтой. Яриа хөөрөөгөө хийгээд нэгдмэл тогтолцоонд хүрээд явах нь чухал.

-1996 онд АН-ын бүх лидерүүд УИХ-д гарчихсан байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийх нь хориотой байсан. Үүнээс болж Ардчилсан намын задрал эхэлсэн байдаг. Тухайн үед өөрчилсөн хууль өнөөдөр танай намын хагарлын эхлэл болох гээд байгаа юм биш үү?

-Ний нуугүй хэлэхэд намын шийдвэрээс ангид явж байгаа тул углуурга муутай юм хийгээд байна. Минийхээр Засгийн газрын гишүүд санал хураалтад оролцохгүй байсан нь дээр байсан. Тэртэй тэргүй Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой. Тэгсэн бол намдаа ч нэр цэвэр, нам дотор урвагч шарвагч байхгүй байх байлаа. Одоо нам шийдвэрээ гаргаад намын шийдвэрийг дагаагүй хүмүүсийг хасахыг нь хасах ёстой. Тэгэхгүйгээр Н.Алтанхуяг дарга ганцаараа бүх асуудлыг шийдээд явна гэж байхгүй. Нам гэдэг улс төрийн нэг шийдвэрт хүрээд түүнийг нь бүгд дагах ёстой байдаг.

-Ардчилсан нам сөрөг хүчин, "Шударга ёс" эвслийн бүлгийн үгийг сонсохгүй байна. Ерөөсөө бодлогоо тодорхойлдоггүй гэх юм. Засгийн газарт та ямар дүн тавих вэ?

-Би бол гэрээнийхээ дагуу ажиллаж байгаа гэж бодоод байна. Засгийн газраас гарч буй шийдвэр бол хамтын шийдвэр. Хамтарсан шийдвэрийнхээ хариуцлагыг даагаад явах ёстой. "Шударга ёс" эвслээс орсон Засгийн газрын гишүүдийг бүлэг нь хариуцах учиртай. Засгийн газар дээрээ бүх асуудлуудаа ярьж болдог хэрнээ бүлгүүд дээр очихоороо л болохгүй болчихоод байгаа юм.

-Дараагийн Ерөнхий сайдыг Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ гээд яриа гараад эхэлчихэж. Үүнд ямар бодолтой байгаа бол?

-Эцсийн шийдвэр гараагүй тул үзмэрч биш болохоор хэлж мэдэхгүй байна. Энэ тухай албан ёсоор ярих газар нь ҮЗХ-ны хурал байгаа юм. Түүн дээр хэн ч яаж ч нэр дэвшиж болно. Энэ тал дээр хэвлэлээс л мэдээлэл авч сууна.

-Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв буруу гэх юм. Өөрчлөх зүйлс хэр байгаа вэ?

-Манай Үндсэн хууль нэлээд тунхаг хэлбэрийнх. Түүнээс болоод гарч буй хуулиудаа янз бүрээр тайлбарлаж байна. Ийм шалтгаанаас болж Их хурал дээр хэл ам гараад байдаг. Үндсэн хуулинд хоёрдмол санаа байж болохгүй. Гэхдээ 300 гаруй нэгдлийн дарга чуулж байгаад гаргасан гэхэд харьцангуй сайн Үндсэн хуулийг баталж чадсан.

Э.ЭНХБОЛД

Эх сурвалж: Өдрийн сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж