Славянскийн ойролцоо халдлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

Славянскийн ойролцоо халдлага гарчээ

Украиныг хямралд хүргэсэн Киевийн Засгийн газар, Европын холбоо, ОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн долоо хоногт Женевт хуралдсан билээ. “Дөрвөлийн” хуралдаанаар Украинд үүссэн хурцадмал нөхцөл байдлыг намжаах гэрээ, хэлцэл байгуулж, зэвсэг хураах ажиллагааг эхлүүлэхээр болсон юм. Гэтэл өчигдөр /IV.20/ Украины Славянск хотын ойролцоо  галт зэвсэг ашигласан халдлага гарч, гурван хүн амь үрэгдэж, өөр гурван хүн гэмтэж бэртсэн хэрэг гарчээ. “Reuters” агентлагт мэдээлснээр хохирогчдын хоёр нь толгой, нүүрэндээ буудуулж, нуруугаараа автомашин налсан байдалтай амь үрэгдсэн байжээ.

Энэ хэрэгт ОХУ болон Киевийн Засгийн газар хоорондоо Женевт байгуулсан гэрээг зөрчсөнд буруутгаж байна. Славянск хот дахь Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын мэдээлснээр Украины “Правы сектор” үндсэрхэг бүлэглэл тэдэн рүү халдсан гэнэ. Харин Украины үндсэрхэг бүлэглэл үүнийг эрс үгүйсгэж, халдлагын ард ОХУ-ын тусгай хүчин байсан гэж мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн маргааш /IV.22/ АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден Украинд хоёр өдрийн айлчлал хийж, түр Ерөнхийлөгч Александр Турчинов болон Ерөнхий сайд Арсений Яцинюк нартай  уулзахаар төлөвлөжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж