&#34Улс төрийн тогтолцооны талаас нь энэ хуульд хандах хэрэгтэй&#34

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

&#34Улс төрийн тогтолцооны талаас нь энэ хуульд хандах хэрэгтэй&#34

УИХ-ын гишүүн Су.Бат­болд­той  ярилцлаа.
-Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг байнгын хороогоор хэлэлцэхээр болчихлоо. Хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Эхлээд зарчмын хувьд хэдэн зүйлийг хэлмээр байна. Энэ хуулийн төслийг улстөржсөн байдлаар харах хэрэггүй. Ул суурьтай хандах ёстой. Монгол Улс парламентын засаглалтай. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь парламентын засаглалтай орнуудад түгээмэл байдаг. Тийм учраас 2000 оны эхээр Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн.  Хэдийгээр хүмүүс үүнийг  дордохын долоон өөрчлөлт гэж шүүмжилдэг ч гэлээ энэ нь парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд хийсэн өөрчлөлт юм шүү дээ.

Тэгвэл энэ өөрчлөлт өнөөдрийн нөхцөл байдалд яагаад тохирохгүй болчихсон юм бэ. Учир нь манай парламент цөөн гишүүнтэй.  Гэтэл Засгийн газрын гишүүдийн тоо засгийн эрх барьж байгаа намын хүсэл зоригоос хамаараад янз бүрээр тогтоогддог. Жишээ нь энэ Засгийн газар 20-иод сайдтай. Үүнийх нь 17 нь УИХ-ын гишүүн байна. Парламентын 76 гишүүний бараг  20 гаруй  нь сайдын алба хашаад ирэхээр асуудал үүсээд байна шүү дээ. Түүнээс биш   УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь үндэс язгуураараа байж болохгүй зүйл юм шиг үзэх нь буруу л даа. Энэ бол парламентат засаглалын тогтолцоонд байдаг зүйл. Харин  энэ харьцааг  тодорхой түвшинд хязгаарлах асуудал байж болно.

-Ерөнхийлөгч ийм хуулийн төсөл оруулж ирэх шаардлагагүй байсан гэх гээд байна уу?

-Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг оруулж ирэхдээ зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болно. Бусад нь болохгүй гэж тусгасан. Үүнийг нь зарим гишүүд "УИХ-ын гишүүдэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийг органик  хуулиар хязгаарлах гэсэн үйлдэл" гэж тайлбарлаад байна. Үүнтэй санал нийлж байгаа.  Мэдээж Үндсэн хуульд "УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсран гүйцэтгэж болно" гээд заачихсан байхад органик хуулиар  "болохгүй" гэж хязгаарлах  нь яалт ч үгүй Цэц дээр очно.

-Та бол ерөнхий чиг үүргийн сайд нар УИХ-ын гишүүн байж болно гэсэн горимын саналтай байгаа билүү. Энэ санал ч саяын чуулганаар дэмжигдчихлээ?

-Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн горимын саналтай байсан юм. Гэхдээ манай бүлэг ярилцаад ерөнхий чиг үүргийн сайд нар парламентын гишүүн байвал яасан юм гэдэг дээр санал нэгдсэн юм. Энэ санал сая дэмжигдлээ.

Ерөнхийдөө миний хувьд парламент болон Засгийн газар хоорондын харилцааг  тэнцвэржүүлэх гол зүйл нь Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөжүүлэх асуудал гэж боддог. Ерөнхий сайд нь  танхимын гишүүдээ, багаа яаж бүрдүүлэхээ  сайд нараа ямар хүмүүсээр бүрдүүлэхээ мэддэг байх ёстой. Гэтэл "Энэ  хүнийг сайдаар томилж болохгүй, учир нь УИХ-ын гишүүн. Харин энэ хүнийг томилж болно" гээд заагаад өгчихвөл Ерөнхий сайдын эрхийг хязгаарлаж байгаа хэрэг болно шүү дээ. Нарийн яривал Ерөнхий сайд нь парламентыг тараах эрхтэй байдаг. Гэвч тэр эрхийг ямар хэмжээнд олгох вэ гэдгийг манай Үндсэн хууль тогтоож өгөөгүй юм. Тийм учраас манай Ерөнхий сайдууд шүдгүй арслантай адил болчихоод байгаа юм л даа. Энэ нь нам дотроо фракцтай байхаас аргагүй байдалд хүргэж байна. Парламентын гишүүддээ баригдаж,  тэдний хүслийг биелүүлдэг хүн болгож хувиргаад байна. УИХ-ын гишүүдийн хүслээр байхгүй бол "Танай сайдыг эсвэл өөрийг чинь огцруулна" гэдэг байдлаар явдаг. Уг нь бол Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгсөн шиг өгч, тэр хүн улс орныхоо өмнө хариуцлага хүлээж, эрч хүчтэй ажилладаг байх ёстой.

-Засгийн газрын тухай хуулийг 2014.7.1-нээс хэрэгжүүлнэ гэдэг саналыг босгочихлоо. Тэгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо энэ саналыг дэмжих үү, үгүй юу гэдгийг шийдэх үү?

-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр эцсийн хэлэлцүүлэг хийгээд сая чуулган дээр босгосон  саналыг дэмжээд явчих байх. Тиймээс одоо Ерөнхийлөгчийн зүгээс асуудлыг яаж шийдэх вэ гэдэг л байна. Магадгүй Ерөнхийлөгч хуулийн төслөө татан авч болох юм. Эсвэл хориг тавьж болно. Гэхдээ эрүүлээр сэтгэвэл хуулийн төслөө татаж авах юм уу, хориг тавилгүйгээр батлах хэрэгтэй.

-Энэ чигээрээ батлагдчихвал ирэх долдугаар сард Засгийн газар огцорч таарах юм биш үү?

-Засгийн газар огцорч байгаа юм биш. Өөрчлөлт орно. Засаглалын хувьд зөв голдрилдоо орж байгаа хэлбэр юм. Гэхдээ нэг гарц бий.  Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болчихоод сайдын алба давхар хашиж байгаа бол гишүүнийхээ ажлыг өгөөд сайдаараа үлдэж болно. Мэдээж сонгуулиар намын жагсаалтад түүний ард бичигдсэн хүн оронд нь УИХ-ын гишүүн болоод ороод ирнэ гэсэн үг. УИХ-ын гишүүнээрээ үлдээд сайдынхаа ажлаа өгнө гэвэл тэр л биз. Эрх баригч АН түүний оронд гаднаас сайд томилоод явах бүрэн боломжтой. Энэ бүхнийг олонхи л өөрсдөө шийднэ шүү дээ.

-Хуулийн төслийг ирэх долдугаар сараас хэрэгжүүлж эхлэх санал босоод ирэхэд танай намын зарим гишүүн алга ташаад байсан. Засгийн газарт орох хүсэл маань биелэх нь гэж бодсон байх…

-Миний хувьд энэ хуулийн төслийг Засгийн газрыг огцруулах, засагт хамтрах боломж гэж харахгүй байна. Засаглалын тогтолцоонд ямар эерэг, сөрөг  үр дагавар үзүүлэх вэ гэдэг талаас нь харж байгаа. Ер нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашуулахгүй гэж хязгаарлавал  парламентын сонгуулийн тогтолцоонд пропорциональ хувилбарыг түлхүү оруулах хандлагыг бий болгоно. Нөгөө талаар парламентад олон нам сонгогддог нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний үр дүнд байнга эвслийн Засгийн газар байгуулагдаж байх болно. Эцэстээ энэ нь намуудыг задралд хүргэж ч мэднэ. Яагаад гэвэл УИХ-д аль нэг нам олонхи болж чадахгүй учраас жижиг намуудтай эвсч Засгийн газар байгуулна. Энэ бүхэн улс төрийн шинэчлэлд зөв алхам болж чадах уу, үгүй юу гэдгийг сайн тунгаах хэрэгтэй.

-Энэ хуулийн төслийг энэ оноос эхэлж хэрэгжүүлэхээр болчихвол Ерөнхийлөгч хориг тавих л байх. Гэхдээ  өнөөдөр (өчигдөр) гишүүдийн кноп дарж байгаа байдлаас  харахад хоригийг хүлээж авахааргүй шинжтэй байна…  

-Тэгвэл хууль энэ ондоо хэрэгжинэ гэдэг байдлаар батлагдаад явна л гэсэн үг.

-Өөр хувилбар байхгүй юу?

-Гурван л хувилбар байна. Ерөнхийлөгч хуулийн төслөө эргүүлэн татаж болно. Хориг тавиад түүнийг нь УИХ  хүлээн авч болно.

-УИХ-ын гишүүдийн хэд нь дэмжсэн тохиолдолд хоригийг хүлээж авдаг билээ?

-Гуравны хоёрын саналаар хүлээж авна. Байнгын хороон дээр горимын санал гаргаж сая босгосон саналыг унагаж ч болох байх.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж