Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн ням гаригт Америкийн кино академийн дээд шагнал "Оскар" гардуулах ёслол Лос Анжелес хотын "Кодак" кино театрт боллоо. Оскарын шагнал нь адил төстэй кино наадмуудаас хамгийн нэр хүндтэй нь бөгөөд Оскар хүртэхээс гадна энэхүү шагналд нэр дэвшин өрсөлдөх нь уран бүтээлчдэд нэр төрийн хэрэг байдаг билээ. 82 дахь удаагийн Оскарын ёслол элдэв шинэлэг зүйлсээр дүүрэн байв. Энэ жилийн Оскарын гол шагналд 1943 оноос хойш анх удаа 10 уран бүтээл шилдгийн төлөө нэр дэвшин өрсөлдсөн. Мөн дэлхийн кино дэлгэцэнд төдийлөн амжилт олж чадаагүй кино анх удаа тодорлоо. Алтан баримлыг гардаж авахаар анх удаагаа Жефф Брижес, Сандра Баллок нар Оскарын тайзан дээр гарав. Хамгийн гол нь түүхэндээ анх удаа эмэгтэй хүн Шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн явдал юм.
Кино зааланд шагналтнуудын нэрс тодрохоос өмнө хөтлөгч Стив Мартин болон Алек Болдуин хоёр л гэнэтийн сюрприз барих байх гэсэн хүлээлт байлаа. Үүнээс өөр нэг их сүртэй гоц гойд зүйлийг ёслолоос хүлээж байсангүй. АНУ-ын кино академийн санал өгөх эрхтэй таван мянга 800 гаруй гишүүн өөр өөрсдийн салбараар саналаа урьдчилж өгдөг. Өөрөөр хэлбэл, шилдэг зураглаачийг зураглаачид, шилдэг найруулагчийг найруулагч тодруулдаг бол харин "Шилдэг кино"-г тодруулахдаа Академийн бүх гишүүдийн саналыг авдаг. Энэ журмаар шилдгээ шалгаруулж дугтуйг задлан ялагчийг зарлахад Кэтрин Бигелоугийн "Шуурганы эзэн" кино Оскарын шилдэг кино номинацийн эзнээр тодорлоо. Түүний кино шилдгээр тодорсон төдийгүй тэр ч бас шилдэг эмэгтэй найруулагч болсон. Энэ номинацид эмэгтэй хүн гарч ирэх нь тодорхой байв. Энэ тухай гол өрсөлдөгч Камерон ч хүлээн зөвшөөрч байсан. Мэдээж зарим нэгэнд Нил Бломкэмпийн гэнэтийн шинэлэг кино "Дүүрэг №9" эсвэл Жейсон Рейтманы, найруулагчийн өөрийнх нь өндөр зэрэглэлийн ажлыг бататгаж өгсөн "Би тэнгэрт очихсон" эсвэл бүр “Аватар” ч энэ шагналыг авах боломжтой байв. Гэвч кино академийн гишүүдэд Камероны экс эхнэрт санал өгөх ноцтой шалтгаан байсан юм. Кэтрин Биголоу бусад есөн нэр дэвшигчдээс илүү байсандаа бус харин Камероны онож тодорхойлсноор кино академи өөрийн түүхэнд анх удаа эрэгтэй номинацийг эмэгтэй хүнд гардуулах тэр боломжийг алдахыг хүсээгүй. Зарим кино шүүмжлэгчид энэ жилийн шагналын төлөөх гол өрсөлдөөн хуучин эхнэр нөхөр хоёрын дунд болно гэж үзэж байсан нь биеллээ олов уу юутай ч "ургац"-ын ихэнхийг Камероны экс эхнэр Биголоу хураалаа. Хоёр уран бүтээлчийн кино хоёул Оскарт есөн төрөлд нэр дэвшсэнээс Кетрин Бегелоугийн бүтээсэн кино 6 номинацид тэргүүлсэн бол ноён Камероны бүтээл дөнгөж гурван төрөлд шагнал авч чадав. Энэ хоёр кино л ёслолын гол “проблем” нь байсан бөгөөд түүнийг эс тооцвол бусад нь байх ёстой байрандаа л байв. "Шуурганы эзэн" хэд хэдэн номинацид шилдэг болсон нь хуйвалдаан гэхээс өөрөөр хэлэх үг алга. Шилдэг зохиол, Шилдэг эвлүүлэг, Шилдэг дуу авиа, Шилдэг жилийн кино номинацыг тус тус авлаа. Яагаад Марк Боилын мэргэн буудагчийн хэцүүхэн өдрүүдийн тухай зохиол Квентино Тарантиногийн киноноос эсвэл ах дүү Коэнийн түүхээс илүү байдаг билээ. Шуурганы эзэн киноны эвлүүлэг юугаараа "Дүүрэг №9"-өөс давуу гэж. Ямар мэргэжилтнүүдэд нь буун дуу болон дэлбэрэлтийн авиа Пандора гаригийн байгалийн чимээнээс илүү сайхан сонсогддог байна. Академийн гишүүдийг өөрсдийн гэсэн санаа оноо цензуртэй байдаг гэж бодож болох ч "Шуурганы эзэн" кино нэр хүндээрээ Оскарын дараа ордог Алтан бөмбөрцөгөөс ганц ч шагнал авч чадаагүй гэдгийг эргэн саная. Аватарыг бол орхиё. "Би тэнгэрт очихсон" кино Бигелоугийнхаас тутах юм огт байхгүй. Энэ мэтчилэн асуултын хариуг Бигелоугийн киноны төлөө саналаа өгсөн тэдгээр хүмүүс л мэдэх байх.
Түүнчлэн энэ жилийн Оскарын бас нэгэн анхаарал татаж байсан төрөл нь гадаад хэл дээр хийгдсэн кино бөгөөд энэ жилийн хувьд мөн л олон кино энэ төрөлд өрсөлдсөн. Оскарт нэг улсаас нэг л кино нэр дэвших эрхтэй байдаг бөгөөд энэ удаа тус төрөлд мөн л 10 кино нэр дэвшсэн юм. Америкийн кино академаас тохиолдлын байдлаар сонгосон 10 гишүүн эдгээр дотроос таван киног сонгосон байсан бөгөөд кино шүүмжлэгчид энэ номинацид Францын найруулагч Жак Одиарын "Номлогч", Австрийн кино найруулагч Михаэл Ханекегийн "Цагаан тууз" зэрэг бүтээлийг нэлээд дээгүүр явна гэж тооцоолж байсан ч Аргентины найруулагчийн "Түүний нүдэн дэх нууц" кино шилдгийн шилдэг гадаад хэл дээрх киногоор шалгарч чадлаа. Харин шилдэг дүрийн эмэгтэй жүжигчнээр энэ жилийн од азгүйтэл хоёр нь зэрэг гүйсэн алтан бөмбөрцөг болон алтан бөөрөлзгөний хоёр ч удаагийн шагналтнаар тодорсон Сандра Баллок "Харагдахгүй тал" киноны дүрээрээ авсан. Өнгөрсөн оны хамгийн "гүйлгээ" сайтай жүжигчинг гар хоосон буцахгүй гэдгийг бүх хүн л мэдэж байлаа. Тэр Оскараас өмнө, киноныхоо гол дүрээр өөрт таарсан авах ёстой бүх л шагналуудаа авсан байв. Ингэснээр тэр кино наадмуудаас нэг жилд хураасан хамгийн олон шагналтан болж түүхэнд бичигдих биз ээ. Туслах дүрийн эмэгтэй шилдэг дүрийг Пенелопа Круз, Вера Фермига, Анна Хэндрикс нараас "Дүл" киноны дүрээр Мо"ник сугарч гарсан нь энэ төрөлд хэн ялах нь таавар байсан үзэгчдэд сонин "бэлэг" болов. Өнгөт арьстны төлөөллийг академийн гишүүд хоосон үлдээсэнгүй. Шилдэг дүрийн эрэгтэй жүжигчнээр "Галзуу зүрх" киноны дүрээр Жефф Брижес 82 дахь удаагийн Оскарыг авсан. Зураач, зурагчин, яруу найрагч, хөгжимчин бас орчин үеийн кино урлагийн шилдэг жүжигчдийн нэг болох түүнд шагнал өгөхгүй байх зориг гаргана гэдэгт хэн ч итгэхгүй байлаа. Тэр кинонд тоглосон төдийгүй бас дуулсан юм. Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчнээр Квентин Тарантиногийн "Нэрд гараагүй новшнууд" кинонд тоглосон Кристоф Вальц энэхүү азтанаар тодорсон. Герман жүжигчин Кристоф Вальцийг шагнал авна гэдэгт эргэлзэх хүн байгаагүй.
    Наадмын бас нэг сонирхол татсан төрөл нь шилдэг кино зохиол номинац. Энэ төрөлд Марк Боилын "Шуурганы эзэн" кино зохиол шилдгээр шалгарсан бөгөөд дээр өгүүлснийг эс тооцвол хүмүүсийн анхаарлыг татаж байсан нэг зүйл бий. Энэ бол мэргэн буудагч Уилл Жеймсийн дүр нь Америкийн армийн түрүүч Жейфри С.Сарверийн Иракт алба хаасан түүхийг хулгайлсан гэдэг үндэслэлээр шүүхэд дуудагдсан маргаантай холбоотой. Тэр шүүхэд гаргасан өргөдөлдөө хууль бусаар миний түүх болон гадаад төрхийг авснаас гадна хувийн амьдралд зөвшөөрөлгүй халдан сэтгэлийн шарх хөндсөн гэдэг үндэслэл бичсэн. Сарверийн энэ үг ч үнэний ортой. "Шуурганы эзэн" киноны зохиолыг бичсэн Марк Боил 2005 онд "Playboy" сэтгүүлд мэргэн буудагч Сарверийн өдөр дутмын амьдралын тухай бичиж байлаа. Энэ нийтлэл нь ирээдүйн кино зохиолын дэвсгэр болсон байж мэдэх юм. Түүний өмгөөлөгч нар ч бодит амьдрал дээрх хүн киноны дүр, дайны явц, зарлан дуудах хүртэл яг адил байна гэж үзэж байсан билээ. Магадгүй энэ нь киног өргөж Шилдэг киноны зохиол номинацид нөлөөлсөн байж болох талтай л юм.
   Өмнө нь "Бараан рыцарь" гэдэг кино үзэгчдийн хамгийн их таашаалд хүрч кино шүүмжлэгчид ч тун нааштай хүлээн авсан атлаа тус кино нэр дэвшигчдийн тоонд ч орж чадаагүй. Чухамхүү энэ явдал л Оскарт нэр дэвшигчийг таваас 10 болгон өөрчлөхөд хүргэсэн. Одоо эргээд харахад түүний үр ашиг гэх юм алга. Жеймс Камероны тухайд гэвэл түүнийг өрөвдөөд байх шаардлага байхгүй. Тэр авах ёстой шагналаа бүгдийг нь авчихсан хүн. Харин Михаэл Ханекийн "Цагаан тууз" киноны өмнөөс л харамсаж байна. Түүний ялагдал л харин Оскарын ёслолын гол сюрприз болсон байж магадгүй юм.
   Лос-Анжелос хотод болсон Оскар гардуулах ёслолын ажиллагааны сонин сайхан гэвэл ийм байна. Ийнхүү тайз дэлгэцийн оддын хуран цугларалт зургийн аппарат, видео телевизийн дуран дор 82 дахь ёслолын ажиллагаа хэлтэй амтай сүр дуулиантай болж өнгөрлөө.
                                                                                                                             Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж