Хүүхэд бүрийн авъяас, эрч хүч ундарч байдаг юм

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

Хүүхэд бүрийн авъяас, эрч хүч ундарч байдаг юм

Бид энэ удаа уншигч та бүхэндээ нэгэн том гэр бүлийн төлөөлөгч Дархан хотын Шонхоодой Ардын циркийг үүсгэн байгуулагч, сургагч багш СТА Я. Батцэцэгтэй уулзаж ярилцсанаа толилуулж байна.

Сайн байна уу? Юуны өмнө Шонхоодой цирк ардын цирк болсонд баяр хүргэе! Анх Шонхоодой циркийг үүсгэн байгуулсан түүхээсээ бидэнтэй хуваалцаач…
Я.Батцэцэг: Баярлалаа. Шонхоодой циркээ 2006 онд ханьтайгаа хамтран орон гэргүй, өнчин, эмзэг бүлгийн  хүүхдүүдийг цуглуулан сургалт маягаар нээж байсан юм. Бидний циркээ байгуулсан зорилго бол Монгол улсын циркийн урлагийг ОУ-ын түвшинд хүргэх, мөн хүүхдүүдийг нийгмийн хар бараанаас хол байлгаж, тэдний авъяас чадварыг нээж циркийн урлагт суралцуулхад оршиж байгаа юм. Одоо ингээд харахад үнэхээр сэтгэл хангалуун байна. Шонхоодой циркд маань одоогийн байдлаар циркийн урлагийн залгамж халаа болох 35 хүүхэд бэлтгэгдэж байна.

Шонхоодой цирк дотоодын болон олон улсын тэмцээнд оролцож байсан уу?

Я.Батцэцэг: Бид  “Яргуй” хаврын баяр болон Цэцгэн шүүдэр уран нугараачдын тэмцээнүүдэд жил  дараалан оролцож тэргүүн байрын шагналыг хүртэж байсан.  Раднаабазар гуайн 100 жилийн ойгоор зохиогдсон Циркчдийн  Анхдугаар Их наадамд оролцож мөнгөн цом хүртсэн. Түрүү жилийн 12 сард Хүүхэд Залуучуудын Үндэсний төвөөс зохион байгуулсан “Алтан цом” улсын уралдаанд амжилттай оролцон  ӨМӨЗО-ны Одон телевизэд бичлэг хийлгэж  туршлага солилцож Олон Улсад өөрсдийгөө таниулах том боломжийн эзэд болсон юм. Бид цаашид олон улсын уралдаан тэмцээнд оролцож, авъяас чадлаараа уралдахаар бэлдэж байна.

Дотоодын уралдаан тэмцээний бэлтгэл, хувцас, хэрэгсэл, ӨМӨЗО –нд очиж бичлэг хийлгэх гээд зардалын асуудлаа хэрхэн шийддэг вэ?

Я.Батцэцэг:
  Бид уралдаан тэмцээн, урлагийн арга хэмжээнд оролцон олсон мөнгөө заал түрээс, хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад зориулдаг. Харин ӨМӨЗО–нд бичлэгт орох зардлыг зохион байгуулагч талаас гаргаад “Алтан цом” улсын наадамд  30 хүүхдийн баг бүрэлдэхүүнтэй  8 төрлийн циркийн үзүүлбэрээр оролцсон. Тэдгээр 30 хүүхдийн маань байр, хоол, замын зардал болох 10,000,000 сая орчим төгрөгийг өөрсдөө гаргах бололцоогүй тухайгаа зохион байгуулагчид мэдэгдэж 2 эсвэл 3 ээлжид хуваагдан хүүхдүүдээ явуулах тухай мэдэгдсэн. Зохион байгуулагч тал маань бидний нөхцөл байдлыг найрсгаар хүлээн авч бид ч замын зардлынхаа эрэлд гарсан. Хоёр сарын турш дэмжлэг, туслалцаа хайж явсны эцэст М-Си-Эс Кока-Кола компанийн төлөөллүүдтэй уулзсан ба бидний байр хоол, замын зардал болох 10,000,000 орчим сая төгрөгийн туслалцаа үзүүлэх болсон тухайгаа мэдэгдсэн. Бид нисэх шахам л баярлаж билээ. Олон газраар орж боломжгүй гэдэг хариу сонссон байсан учраас бүтэхгүй дээ гээд сэтгэлээр унасан байсандаа.

Тэгвэл та бүхэн ивээн тэтгэгч хамтран ажиллах байгууллагатай болоод хөөр баяр дүүрэн байгаа юм байна. Шонхоодой циркийн авьяаслаг хүүхдүүд маань хэзээ ӨМӨЗО-ныг зорих  вэ?

Я.Батцэцэг: Эхний ээлж маань нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 28-ны  хооронд бичлэгтээ орчихоод ирсэн. Энэ сарын 21-ны өдөр хоёр дахь ээлж маань явах гээд бэлтгэлээ хангаж байна. Энэ завшааныг ашиглан нөхөр бид хоёрын санаачлага, зорилгыг дэмжин авъяас билэгтэй хүүхдүүдийн минь хичээл зүтгэлд урам хайрлан, циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд тус дэм болж байгаа М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэе. Хүүхэд бүрийн авъяас, эрч хүч ундарч байдаг юм шүү дээ.  





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж