Шалгалтын бүртгэл маргааш дуусна

Хуучирсан мэдээ: 2014.04.20-нд нийтлэгдсэн

Шалгалтын бүртгэл маргааш дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш 18.00 цагт дуусах тул шалгалтдаа амжиж бүртгүүлэхийг албаныхан анхааруулж байна. Бүртгэл дууссаны дараа нэмэлт бүртгэл, засвар хийхгүй учраас энэ хугацаанд амжиж шалгалтын хичээлээ бүртгүүлэх эсвэл засвар хийлгэх хэрэгтэй ажээ.

Энэ жил 38 мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан тооцоотой талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Бүртгэлийг орон даяар www.eec.mn сайтаар хийж буй бөгөөд бүртгэл дуусах өдөр онлайн программын ачаалал ихэсдэг тул шалгуулагчдыг яаравчлахыг албаныхан санууллаа. ЭЕШ-ыг энэ жил улсын хэмжээнд 53 шалгалтын төв буюу сургуулиудад зохион байгуулах ажээ. Үүнээс аймаг бүрт нэг, үлдсэн нь нийслэлд байх учраас шалгуулагч аль сургуулийн анги танхимд очиж шалгалт өгөх талаарх баталгаажуулсан хуудас буюу суудлын хуваарийг тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан хэвлэн авах юм байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн хичээлээр зургадугаар сарын 14-нд эхэлж, 19-нд дуусна. Харин дүн долдугаар сарын 1-ний дотор гарах бол Монгол, хэл бичгийн шалгалтын дүн долдугаар сарын 10-ны дотор гарах юм.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж