Спортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Nike компани тамирчдад зориулсан ухаалаг бугуйвчаа гаргаад байгаа билээ. Тэгвэл тус компани ухаалаг төхөөрөмжүүд үйлдвэрлэхээ зогсоохоор шийдсэн бололтой. Тус компани FuelBand нэртэй ухаалаг бугуйвч хийж ажилласан багийн 70 хүнээс 55 нь халсан тухай CNET мэдээлжээ. Энэ цомхотгол нь спортын чиглэлийн ухаалаг бугуйвч болон өмсөж хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжүүдийг цаашид хийхгүй болсонтой нь холбоотой хэмээн тус сайтад мэдээлжээ.
Nike компанийн ухаалаг бугуйвчны худалдаа төдийлэн сайнгүй байгаа ба зах зээлд биеийн эрүүл мэндийг хянах, гүйсэн зам, шатаасан илчлэг зэргийг тооцоолох, зүрхний цохилтыг хэмжиж биед хэдий хэмжээний ачаалал ирж байгааг тооцоолох зэрэг олон үйлдэлтэй ухаалаг төхөөрөмжүүд маш ихээр гарч байгаа юм. Тиймээс энэхүү ширүүн өрсөлдөөнд бууж өгөхөөр шийдсэн бололтой.
Т.БИЛГҮҮН