
Үүний зэрэгцээ Украины хямралд гар бие оролцогч АНУ, ОХУ, Европын холбоо, Киевийн Засгийн газрын нийлсэн “дөрвөлийн” Гадаад хэргийн сайд нар Женевт /IV.17/ хуралдаж, хурцадмал байдлыг хумих, хямралыг дэвэргэхгүй байхад санал нэгдэж, тохиролцсон билээ. Гэвч АНУ “хартай авгай шиг” загнаж, ОХУ-ыг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээгээр сүрдүүлжээ. “Цагаан ордон”-ы эрх баригчид ОХУ-ыг Украинд үүссэн хурцадмал байдлыг намжаах олон улсын гэрээнээс хойш суувал эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авахыг анхааруулсан байна. Үүний хариуд Кремлийн албаныхан АНУ ОХУ-ыг “гэм хийсэн дунд сургуулийн хүүхэд” шиг үзлээ хэмээн дургүйлхжээ.
Тэднийг ийн хэрэлдэж суух зуур Укрианы Гадаад хэргийн сайд зүүн хэсгийн нутгуудад явагдаж эхэлсэн “террористын эсрэг цэргийн ажиллагаа” Улаан өндөгний баяраар зогсохгүй үргэлжлэхийг мэдэгджээ. Гэтэл Украины асуудлаарх “дөрвөлийн” хуралдаанаар хямралыг хумихын тулд хууль бус цэргийн ажиллагаа явуулахыг хориглож, зэвсэг хураах ажиллагаа эхлүүлэхээр зөвшилцсөн юм.
Украины зүүн болон өмнөд хэсэгт Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид үймээн дэгдээж, нутгийн захиргааны байруудад халдан эзлээд буй юм. Украины зүүн болон өмнөд хэсгийн салан тусгаарлагчид өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн эрхийг хүч хэрэглэн булаасан Киевийн шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, үймээн дэгдээжээ.
Украиныг Европын холбоонд нэгтгэх асуудлаас болж, сөрөг хүчнийхэн өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас нь буулгаж, засгийн эрхэнд гарсан юм. Гэвч тэднийг Украины зарим нутгийн ард иргэд хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанаар өнөөгийн нөхцөл байдал үүсчээ. Киевийн шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж, өнгөрсөн гуравдугаар сард Крымын хойгт бүх нийтийн санал асуулга болж, оролцогчдын 97 хувийн саналаар ОХУ-д нэгдсэн билээ. Гэтэл Крымтэй ижил нөхцөл байдал Украины зүүн, өмнөд хэсэгт үүсч эхлээд буй аж.