100 айл-Сэлбийн замыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

100 айл-Сэлбийн замыг нээлээ

Сүхбаатар дүүрэг 100-н айлаас Сэлбэ голын гүүрний уулзвар хүртэлх 840 метр авто замыг хүлээн авах нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.  АНУ-ын Денвер хотын нэрээр нэрлэгдсэн Денверийн гудамжны зам барилгын ажил дөрөвдүгээр сарын 28-нд эхэлж хугацаанаасаа 10 хоногийн өмнө дуусч байна.  Замын ажлыг “Наранбулаг” ХХК богино хугацаанд чанартай гүйцэтгэжээ.  Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан энэ зам нь  Их тойруу болон Бээжингийн гудамж гэсэн  гол замуудыг холбосон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түгжрэлийг багасгахад чухал ач холбогдолтой авто зам юм. 
Авто замын техникийн үзүүлэлтийн хувьд замын нийт  урт 0.84 км, замын далангийн өргөн 12,1 метр, 2.5 метр  явган замтай,  зорчих хэсгийн өргөн 7 метр,  хучилтын хийц нь боловсронгуй хучилттай гэж Нийслэлийн автозамын газрын дарга Д.Од хэллээ. Энэ арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, АНУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдльтон, нийслэлийн Засаг даргын өмч хувьчлал, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөх П. Цогтбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон. 
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нээлтийн ажиллагааны үеэр хэлэхдээ, Сүүлийн үед Улаанбаатар хот эдийн засгийн хувьд чадавхитай болж байна.  Энэ замын тухайд  иргэд олноороо  хүсэлт ирүүлсний  дагуу засахаар болсон юм.  Тендерт шалгарсан гүйцэтгэгч компани богино хугацаанд ажлаа хийжээ.  Ерөөсөө  зам сайхан байх гэдэг нь иргэдийн хувьд хамгийн таатай зүйл. Цаашдаа хотын зүгээс богино, хороолол дундах замуудаа энэ мэтээр ээлж дараалан засах болно гэж байсан тухай нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж