Хөрсний бохирдол харанга дэлдэх үү?

Хуучирсан мэдээ: 2014.04.18-нд нийтлэгдсэн

Хөрсний бохирдол харанга дэлдэх үү?

“Нийслэлийг агаар утаанаас гадна хөрснөөс маш ихээр бохирдож байна” гэдгийг Монголын эрдэмтэн, мэргэжилтнүүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Өдгөө нийслэлийн нийт газар нутгийн 72 хувь бохирдолтой байгааг ч судалгаагаар тогтоосон байна.

“Өвлийн хүйтэн өнгөрч, агаарын бохирдол нүдэнд харагдахуйц буурч байна. Гэсэн ч  нийслэлийн иргэд хөрсний бохирдлын нянгаар амьсгалдаг. Бохирдлын нян нь ил задгай асгасан муу ус, жорлон тэргүүтнээс ихээр ялгардаг” гэдгийг Улсын Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна.

Хөрсний бохирдол нь олон хүний нягтаршил, хотжилттой холбоотой бөгөөд сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа нь судалгааны үр дүнгээс харагджээ. Энэ нь нийслэл хотноо өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай холбоотой. Зам, барилга зэргээс нарийн ширхэгтэй, химийн янз бүрийн хольц найрлагатай тоосонцор ихээр гарах болсон нь агаар бохирдох нэг үндэс болжээ.

“Улаанбаатар хотын газрын хөрсний дөрвөн хувь нь маш их хэмжээний, 40 хувь нь их, 20 хувь нь дундаж, найман хувь нь аюулгүй байдлын хэмжээнд бохирдолтой. Нийслэлийн газар нутгийн ердөө 18 хувь бохирдоогүй” гэж Газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ө.Ганзориг хэллээ.

Өнөөдөр /IV.18/ Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх экологи, байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб  “Хөрсний бохирдол агаарт хэрхэн нөлөөлөх тухай” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохиолоо. Энэ дугуй ширээний ярилцлагад МУИС-ийн эрдэмтэн багш нар, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүд оролцлоо.

Улаанбаатарын агаарыг бохирдуулж буй гол хүчин зүйл бол станц, гэр хорооллын иргэдийн нүүрсний угаар юм. Агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хороолол, станц, бичил уурын зуухуудын угаар эзэлдэг. Мөн автомашины хөдөлгүүрийн шаталтаас багагүй бохирдол үүсдэг байна. Харин сүүлийн үед Улаанбаатар хотын хөрсний бохирдол агаарын бохирдолд маш ихээр нөлөөлөх болсныг МУИС-ын эрдэмтэд, Цаг уур, орчны шинжилгээний газар, Газарзүйн хүрээлэнгийн судалгаагаар батлагдсан байна.

Улаанбаатар хот далайн түвшнээс 1300 м өргөгдсөн өндөр уулсаар хүрээлэгдэн, голын хөндийд байрладаг, газар зүйн онцлог байрлалтай.  Нийслэл хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудын нягтаршил, хүн амын хэт төвлөрөлтөөс сүүлийн жилүүдэд хотын гамшгийн хэмжээнд хүртлээ доройтох болсон байна.

Агаарын энэ бохирдол нь ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснөөс сүүлийн жилүүдэд амьсгалын замын болон харшлын гаралтай өвчлөлүүд нэмэгджээ. Өдгөө  Улаанбаатар хотод уушгины өвчлөн, нас барагсдын тоо бусад өвчинтэй харьцуулахад гуравдугаар байрт бичигдэх болжээ.  

“Улаанбаатар хотын хөрсний бохирдол Төв цэвэрлэх байгууламжийн эргэн тойронд 3-4 дахин, Нарантуул, Хархорин, Дэнжийн мянга зэрэг худалдааны төвийн орчимд хоёроос гурав дахин их байна. Мөн хүний биед хамгийн их хортой хар тугалга “Да хүрээ” техникийн захын орчим байх ёстой хэмжээнээс маш их хэтэрсэн. Тиймээс техникийн захыг яаралтай Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлэхээр болсон” гэдгийг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Э.Жаргалсайхан хэллээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Улаанбаатар хотын хамгийн их бохирдолтой байгаа газруудад дахин төлөвлөлт хийхээр шийдвэрлэсэн. Хөрс нь эвдэрч, бохирдсон газруудад дахин төлөвлөлт хийж, барилгажуулснаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж Нийслэлийн захирагчийн албаны мэргэжилтнүүд тооцоолжээ.

Улаанбаатар хотын агаарт хар тугалга байх ёстой хэмжээнээс 2-3 дахин их байна. Агаар дахь хар тугалга хөрсөнд бууж бохирдуулна. Хөрсөн дэх хар тугалга дэгдэж, агаарыг бохирдуулдаг харилцан урвал нийслэлд явагддаг байна. Харин нийслэлчүүд бид түүгээр нь амьсгалж, хордож байгаа аж.

Цаашид хөрсний бохирдлыг багасгахын тулд иргэд ухамсартай хандах цаг аль хэдийн болсон гэдгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна. Хамгийн багадаа муу усаа ил задгай асгахгүй байх нь хүртэл хөрсний бохирдлыг бууруулахад тус болно гэлээ. 

Хөрсний бохирдлыг дагаад Улаанбаатар хотын дундуур урсах голууд маш ихээр бохирдсон гэнэ. Сэлбэ голын ус гэхэд хамгийн бохирт тооцогддог байна. Сэлбэ голын усыг уух нь бүү хэл хөл, гараа дүрж болохгүй түвшинд хүрч бохирджээ.

Ийнхүү Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг хөсөр хаяж болохгүй гэдгийг эрдэмтэн, судлаачид анхааруулж байна.

Хөрсний бохирдлоос үүдэн бүхэл бүтэн суурин сүйрсэн жишээ дэлхий дээр бий. Чилийн Атакамын цөлийн дунд уурхай түшиглэж байгуулсан нэгэн тосгон хөрсний бохирдлын улмаас “алга” болжээ. Тухайн үед тосгоны хөр­сөнд хар тугалганы агууламж их байсан бөгөөд гажигтай төрөлтийн тоо нэмэгдэх болсон гэдэг. Үүнээс үүдэн хүмүүс дайжин нүүх болсон байна.

Мөн хөрсний бохирдлыг багасгасан жишээ бас байна. Хятад улсын Жүжоу хошууны ил жорлонтой айлуудад хөрсөнд шууд нэвчихээргүй жорлонг тараажээ. Үүний үрд дүнд хөрсний бохирдлын асуудлыг бага ч атугай шийдсэн гэдэг.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж