
Ямартай ч энэ сард алтны ханш 1250 ам.доллараас давахгүй байх гэх урьдчилсан тооцоо гараад байна. Цаашлаад ер нь буурна гэсэн таамаг дэвшүүлэх шинжээч ч олдохгүй бололтой.
Алтны ханш өсөх болсон нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Тухайлбал өрийн хэмжээ нь 13 их.наяд ам.долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцуулсан үзүүлэлт нь бусад орныхоос давах болсон АНУ нэгдүгээр шалтгаан болж байна. Тус улс өрөндөө баригдаж эхэлснээс хөрөнгө оруулагчид нөөцийн валют хэмээн нэрлэгддэг ам.долларт итгэх итгэлээ сулруулсан. Цаашлаад энэ нь бусад орны төв банк алт хэмээх шаргал металлын худалдан авалтаа нэмэгдүүлэх сайхан шалтгаан болжээ.
Дэлхийн орнуудад энэ онд нийт алтны нөөц 27 мянган тонн болсон нь жилийн өмнөх 26.3 мянган тонноос нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн худалдааны бирж дээр нэг унц алт 1258.3 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар нэмэгдсэн үнэ юм. Үүнд зарим томоохон төв банк алтны нөөцөө нэмэгдүүлсэн нь нөлөөлсөн байж болох талтай. Өмнө нь АНУ-ын Засгийн газраас нөөц дэх 8100 гаруй тонн алтаа хэвээр үлдээх шийдвэр гаргаж байв. Алтны нөөцөөрөө тус улс дэлхийд тэргүүлдэг. Харин дараа нь Герман, Итали, Францын төв банкууд орж байна. Өнгөрсөн онд Герман, Итали алтны нөөцийн хэмжээгээ хэвээр үлдээсэн. “Дэлхийн алтны зөвлөл”-өөс гаргасан статистик үзүүлэлтээс харахад Франц алтны нөөцөө 15 тонноор багасгасан аж. Харин Хятад, Энэтхэгт эсрэгээрээ нөөцөө улам нэмжээ. Хятадын төв банк жил ирэх тусам алтны нөөцөө 1054 тонноор нэмж байна гэсэн судалгаа байгаа. Гэхдээ энэ нь коммунист засагтай тус улсаас гаргасан албан ёсны тоо баримт биш юм. Ямартай ч олон улсад мэдээлснээр бол өнгөрсөн онд 454 тонн алт худалдан авсан байна. Энэ нь Турк, Грек, Румын, Польшийн банкны нийт нөөцтэй тэнцэхүйц хэмжээ юм. Харин Энэтхэгийн төв банк өнгөрсөн арваннэгдүгээр сард Олон улсын валютын сангаас 200 тонн алт авсан аж. ОХУ сүүлийн 12 сард 132 тонноор нөөцөө нэмжээ.
Зарим олон улсын хөрөнгийн шинжээч 2012 он гэхэд унц алтны ханш 10 мянган ам.долларт хүрнэ гэсэн таамаглалыг ч дэвшүүлээд байгаа. Үүний шалтгаан нь хүмүүс валютын ханшны тогтворгүй байдал цаашид үргэлжлэхээс болгоомжилж буйтай холбоотой юм. Өмнө нь 1970-аад оны үед нэг унц алт 35 ам.доллар байснаа 850 ам.долларт хүрч, ханш нь 24.3 дахин нэмэгдэж байв. Одоо ч дээрх тохиолдол давтагдах магадлалтай хэмээн алтны шинжээч Алф Фиелд үзжээ. Хэрэв тэгвэл нэг унц алт 6221 ам.долларт хүрэх юм. А.Фиелдын хувьд 2008 онд дэлхийн санхүүгийн хямралыг урьдчилан тооцсон нь өдгөө биеллээ олоод байна. Түүнийхээр бол цаашид валютын ханш огцом хэлбэлзсэн хэвээр байвал унц алт 10 мянган ам.долларт хүрэх нь энүүхэнд аж. Цаашлаад төв банкууд алтны байнгын худалдан авагч болж эхэлсэн нь үнийн өсөлтөд нөлөөлөх нь ойлгомжтой. Үүнтэй зэрэгцээд энэхүү шаргал металлын эрэлт ихсэхийн хэрээр олборлолт буурч байгаа нь бас л асуудал болоод байна.
Т.Элиса.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин