Одоогоор цогцолбор байгуулах ажлын явцын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаагаас тодрууллаа.
-Арьс, ширний цогцолбор байгуулах ажил явцтай байна вэ?
-Цогцолбор байгуулах урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Одоогоор цогцолборыг Багануур дүүрэгт барих саналтай байгаа бөгөөд ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан судлах юм. Ингээд 2017 он гэхэд нийслэл хотод байгаа арьс, ширний бүх боловсруулах үйлдвэрийг хотоос гаргаж, цогцолбор луу нэгтгэсэн байна гэсэн тооцоо бий.
-Улсын хэмжээнд нийт хэдэн боловсруулах үйлдвэр байдаг вэ. Цогцолборт хэдэн дагуул үйлдвэр байгуулах бол?
-Одоогоор улсын хэмжээнд 35 арьс, ширний боловсруулах үйлдвэр ажилладаг. Урьдчилсан тооцоогоор бол энэ боловсруулах үйлдвэрийг цөөлж, томруулж, цогцолборт 20 орчим дагуул үйлдвэр байгуулах байх.
-Цогцолборыг байгуулснаар үйлдвэрлэлд хэрхэн ахиц гарах вэ?
-Эхний ээлжийн судалгаагаар цогцолбор жилдээ нэг их наяд төгрөгийн борлуулалтын ашигтай байх тооцоог гаргасан. Монгол Улс жилдээ 10 сая ширхэг арьс, шир бэлтгэж байгаа бол боловсруулах үйлдвэрүүдийг нэг цэгт зангидаад ирэхээр үүнээс ч илүү ашигтай байх нь тодорхой. Мөн цогцолбор байгуулснаар 17 мянган ажлын байрыг бий болгоно.
-Хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх бол?
-Цогцолборт нийт 325 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайгаас дэд бүтцэд гэхэд 88 орчим тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ хөрөнгийг хэрхэн бүрдүүлэх, олон улсын байгууллагаас тусламж, дэмжлэг авах асуудлыг ярилцаж байгаа.