Чөлөөтийнхөнд хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.04.18-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөнд хүндэтгэл үзүүлэв

Эх орныхоо нэрийг тив, дэлхий, олон улсын тавцанд мандуулж яваа чөлөөт бөхийн тамирчин, дасгалжуулагчид өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн билээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр шагнуулсан бол дэлхийн аваргын хошой хүрэл медальт Т.Мөнхтуяа Гавьяат тамирчин цол хүртсэн юм. Түүнчлэн дасгалжуулагч Б.Баяраа шигшээ багийн тамирчин Э.Сумъяа нар “Алтан гадас” одонгоор энгэр чимсэн. Тэгвэл төрийн одон, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдыг өнөөдөр Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, дэд дарга Ц.Одонбаяр, Шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа нарын албаны хүмүүс хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар “Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын амжилт жил бүр ахиж байгаа нь гайхалтай. Байгуулсан гавьяагаа үнэлүүлж, төрийн дээд шагнал хүртсэн та бүхэндээ баяр хүргэе. Та нарт илүү өндөр амжилт гаргах боломж байгаа шүү” хэмээн онцлов.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж