Д.Батцогт: Бүлгээс гарах олон шалтгаан байсан

Хуучирсан мэдээ: 2014.04.18-нд нийтлэгдсэн

Д.Батцогт: Бүлгээс гарах олон шалтгаан байсан

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүн Д.Батцогт өчигдөр хуралдсан бүлгийн хуралдааны үеэр бүлгээсээ гарч, сул гишүүн болох талаар бүлгийн удирдлагууддаа мэдэгджээ. Энэ талаар Д.Батцогт гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-"Шударга ёс" эвслийн гишүүнээс татгалзаж байгаа гэсэн. Энэ талаар тайлбар өгөөч?

-Эвслийн бүлгийн өчигдрийн хурал дээр зарим асуудалд шүүмжлэлтэй хандсан. Миний хувьд бүлгийн гишүүд аливаа асуудалд шударга байх ёстой гэдэг үндэслэлийг хэлээд  бүлгээс гарч, бие даасан гишүүн болох гэж байгаагаа бүлгийн удирдлагууддаа илэрхийлсэн. Албан ёсоор бүлэгт хандсан зүйл байхгүй ч бүлгийн хуралдаанд бол хэлсэн. Зөвхөн ганц асуудлаас болж, сэтгэлийн хөөрлөөр  асуудалд хандсан гэж бодохгүй байна. Миний хувьд хоёр жилийн хугацаанд  аливаа асуудалд гадагшаа гаргахгүй ч бүлэг дотроо шүүмжлэлтэй, хатуу ханддаг байсан. Олон учир шалтгааны улмаас ийм шийдвэр гаргахад хүрсэн. Өөрийн бодол өөртөө зөв. Гол нь надад итгэл үнэмшлээ өгч, аливаа асуудалд шударга, зарчимч байр сууриас хандаасай гэж сонгогчид намайг сонгосон байх. Цаашид өөрийн итгэл үнэмшлийн дагуу хэлэлцэж байгаа хуулийн төсөлд байр сууриа илэрхийлээд, саналаа өгөөд  явна.

-Бүлгээс гарах тухай өргөдлөө хэзээ албан ёсоор өгөх вэ?

-Ирэх долоо хоногт өгнө.

-Эвслийн бүлгийг бусад улстөрийн хүчинтэй тохиролцох байдлаар асуудалд ханддаг нь таныг бүлгээсээ гарах нэг шалтгаан гэж үзсэн гэсэн мэдээлэл байна?

-Ер нь бол олон учир шалтгаан байгаа. Гэхдээ би олон юм яримааргүй байна.

-"Шударга ёс" эвслийн бүлэг өөр хоорондоо таарамж муутай, тэр дундаа МҮАН-ын гишүүд эвслийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаа гэх хүмүүс байна?

-Ер нь бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэгсгээд л ажилласан шүү дээ. Нэг их тодруулж яримааргүй байна, цаг хугацаа бүгдийг харуулах байх. УИХ-ын гишүүний хувьд санаачилсан хуулийн төсөл, бусад хуульд санал бодлоо илэрхийлээд явна.

-Таныг өөр намд элсэх нь гэсэн яриа бас гарч байна. Энэ тухайд?

-Бүлгээс гарсан, бүлгийн хуралд суухгүй. Тэглээ гээд өөр намд элсэнэ гэсэн зүйл байхгүй.  Ер нь бол бүлэг гэдэг гишүүдийн сайн дурын нэгдэл байдаг гэж би боддог. Тиймээс өөрийн бодол өөртөө зөв.

-Бүлгийн даргын зүгээс таныг тухайн үеийн бухимдал, сэтгэл хөдлөлөөс болж бүлгээс гарах тухай хэлсэн байх гэсэн байр суурь илэрхийлсэн?

-УИХ-ын гишүүний үг хариуцлагатай байх ёстой.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж