
Нөгөө Лу.Болд, С.Баярцогт, Д.Зоригт, Н.Батбаяр, Л.Гантөмөр, Ч.Сайханбилэг, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, З.Энхболд, Х,Баттулга…гэх үе үеийн лидерүүд нь хаана байна. Хувийн бизнес эрхлэх болохоороо ардчилсан болж чаддаг, ард түмний сэтгэлийг хуурч УИХ-ын гишүүний эрх мэдэлд хүрч, төрийн бодлого тодорхойлох болохоороо зах зээл гэгчийг мартчихна. Үүнийх нь шалтгааныг тайлбарлахаар “Уг нь төр бэлэн мөнгө амлаж болохгүй. Иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургах нь буруу. Социализмын үед л ийм байсан. Иргэд өөрсдийн хүчээр амьдрах ёстой. Энэ амлалт ер нь буруу л даа. Даанч намаа сонгуульд ялуулахын тулд ингэхээс өөр арга байхгүй” гэж хэлнэ.
Хэтэрхий шударга бус тэдний хувирамтай байр суурийг МАХН ашигласан шиг ашиглаж “Манайх угаасаа зүүний чиг баримжаатай нам. Бид өөрсдийн үзэл баримтлалын дагуу ажиллаж байгаа. Харин Ардчилсан нам л өөрсдийн бодлогыг буруу, зөрүү дэвшүүлдэг” гэх тохуурхал хийнэ. Үнэхээр ч Н.Энхболд, М.Энхболд, Ч.Улаан, Д.Лүндээжанцан, Р.Буд, Ч.Хүрэлбаатар, У.Хүрэлсүх, Б.Чойжилсүрэн тэргүүтнээс шинэ санаа гарч, эрх мэдлийн төлөө нийгмийнхээ мөн чанар захирагдах тухай бодох ч хэрэггүй биз. Саяхан чуулганы хуралдаанд Н.Ганбямба болон Э.Бат-Үүл гишүүний дунд социализм, капитализмын тухай маргаан өрнөсөн. Ашигт малтмалын тухай хуулийг чангатгах хүсэлтэй гэдгээрээ Н.Ганбямба гишүүн олны талархал хүлээсэн. Харин Э.Бат-Үүл гишүүний хувьд “Социализм руу эргэж очихгүй шүү” гэж анхааруулснаараа ардчилагчдын дунд оноо авах нь авсан. Гэвч энэ маргаанд ялагч гэж харагдсангүй. Учир нь, хэчнээн социализмыг буруушааж, төрийн эрх эрх мэдлийг хүчирхэгжүүлэх гэдэг хоёр санаа дэвшүүлсэн ч аль аль нь намынхаа бэлэн мөнгөний амлалтын хөгжөөн дэмжигчид. Энэ тохиолдолд хэлсэн үгнийх нь төлөө Э.Бат-Үүл гишүүнд “бай шагнал” гардуулах хэрэг үгүй. Н.Ганбямба гишүүний хувьд бүр ч ярилт үгүй.
Монголын улс төрийн бохир амлалт нь төсвийн алдагдлыг 500 орчим тэрбумд хүргэж, төрийн албан хаагчдын данхар бүтэц та бидний нуруун дээрх ачаанд улам бүр жин нэмж буй энэ үед улстөрчдөөс капиталист багаа хуулахыг сануулмаар байна. Ардчилсан намын хүүхдийн 20 мянган төгрөгийг МАХН хэнэг ч үгүй унагаачихаад өөрсдөө 2012 оноос урьтаж 500 мянган төгрөг бэлнээр өгнө хэмээж буй. Үнийн өсөлтийн гол түлхүүр болсон дээрх амлалтыг төрийн албаны эдийн засгийн мэргэжилтнүүд “Бэлэн мөнгө тараасан нь инфляцид нэг их нөлөөлөөгүй” гэх тайлбар хийдэг. Угтаа бол нөлөөлдгөө нөлөөлөөд инфляци 13 хувьд хүрч жилийн эцэст 30 хувьд дөтлөх тооцоо бий.
Орчин цагийн улстөрч болох гэсэн улстөрчдийн хуурамч баг зүүсэн бодит төрх нь та бидэнд ийн төвөг учруулж байна. Үүнийг хуулж хаявал бид ядаж л социалист баримжаатай нийгэмд амьдарч байна гэдгээ шууд утгаар нь мэддэг болно. Зарим үед хаана, ямар цаг үед амьдраад байгаагаа ч ойлгохгүй үе гардаг. Ямаанд өгсөн 30 тэрбум, “Монгол мал” хөтөлбөрийн 50 орчим тэрбум төгрөг, УИХ-ын гишүүдийн 76 тэрбумын зарцуулалт, сонгуулиар тараах улстөрчдийн бэлэн мөнгө, арилжааны банкаас малчдын авсан зээлийг хүчингүй болгох санаачилга…Асар ойлгомжгүй хөтөлбөрүүд. Ашиг нь сонгуулиар улстөрчдөд л гарах увайгүй амлалтууд.
Зарим нь нэг нь бүр ичихгүй либераль үзэл санааны тухай хэдэн ном уншчихаад түүнийхээ үг, өгүүлбэрээр цэцэрхдэг болчихсон. “Нээлттэй нийгэм, түүний дайснууд”, “Либерализм”, “Эдийн засгийн софизмууд, Эдийн засаг дахь эв зохицол”, “Амьтны ферм”…зэрэг номын сонирхолтой ишлэлийг шууд л хуулчихна. Эс бол сүүлдээ орчуулгын бүтээлийн үг үсгийг Монголтой хольж хутгасан нийтлэл бичиж, өөрийгөө либераль үзэлтэн хэмээн тодорхойлно. Орчуулгын бүтээл хуулж бичдэг улстөрч яаж ч жинхэнэ утгаараа өөрийнхөө бүтээх гэж буй нийгмийн мөн чанарыг ойлгох билээ. Бас сондгой сайхан үг, үсгийг нь ишлэл хэлбэрээр цээжилж, өөрийн цэцэн цэлмэгийг гайхуулах улстөрч яаж ч хичээсэн шинэчлэгч байж чадахгүй нь хэтэрхий ойлгомжтой санагдана. Иймд нэгэнт амлалтаасаа татгалзаж, арчаагүй улстөрөө орхиж чадахгүйгээс хойш “Би капиталист нийгмийг бүтээхийн төлөө хүчин зүтгэж байна” гэх бүтээж амжихгүй нийгмийнхээ хий хоосон төсөөллийг олонд дэлгэхээ болих юм биш үү, улстөрчид өө.
Тэртээ тэргүй та нар нэг алхахдаа капиталист болж жүжиглэж, нэг алхахдаа хуучинсаг гэдгээ батлаад байна шүү дээ. Энэ дунд та бүхний жинхэнэ мөн чанар нь хоёр дахь шинжинд илүү ойрхон бас илүү итгэл үнэмшилтэй гэдэг нь илрээд байна. Иймд хичээх хэрэггүй хийж чадахаараа капиталист багаа хуулцгаа. Та нарт зохих ч үгүй. Бас бүтээж ч чадахгүй нь тодорхой болчихлоо шүү дээ. Г.Отгонжаргал.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.