Дүү нараасаа суралцаж яваа ах намынхандаа талархая

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Дүү нараасаа суралцаж яваа ах намынхандаа талархая

Уржигдрын “Үнэн” сонины дугаарт “Дуурайчихлаа гэж эрээлхэлгүй дагаад явж байгаа АН-д талархая” хэмээх нийтлэл гарчээ. Ямартай ч уг нийтлэлийг бичсэн сэтгүүлч 90 жил болж байгаа намаа магтах гэж хичээсэн биш харин ч “Зүүдээ ярих гэсэн биш хулгайгаа ярив” гэгч л боллоо. Аль эсвэл” МАХН-ынхан АН-ын үг хэл, үйл ажиллагаа, уриа лоозонг хуулчихаад байхад хэл үг гаргаагүйд талархая” гэдэг санааг хэлсэн нь энэ юм болов уу. Үнэндээ ч энэ асуудлыг эргэн нэг сөхөж ах намынхандаа хүний юмыг хуулах тэр тусмаа өөрийн болгож ашиглан нэр дээрээ наах нь одоо цагт олиггүй хэрэгт тооцогддог болсоныг сануулчихья.
 1921 онд ардын хувьсгалыг эхлүүлсэнээс хойш ардчилалтай золгох хүртэл 70 жилийн хугацаанд дандаа л орос ах нараасаа хараат байж тэдний юу хэлсэн зааснаар явж ирсэн нам Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш бусдын санаачлан хийж хэрэгжүүлсэн ажлыг хуулбарлан олон нийтэд хүргэх, өөрийн болгож ашиг хонжоо хайх зэрэг асуудлыг хуулиар хориглосон гэдгийг ухаарахгүй өдий хүрсэн байж болох л талтай. Гэхдээ МАХН-д харьяалалтай “Үнэн” сонины эрхэм сэтгүүлч таны зарим ойлголтыг залруулах үүднээс энэхүү хариу тайлбарыг хийе. Сэтгүүлч хүн бичиж байгаа асуудлынхаа үнэн зөвийг мэдэж байж бичих нь сэтгүүл зүйн хувьд ч тэр, олон нийтэд зөвхөн үнэнийг мэдээлэх үүрэгт тань ч тэр эрхэм чухал зүйл ёс зүй гэдгийг сануулах нь илүү буй за.  
Ардчилсан нам Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь мэдээж таны бичсэнчлэн “Анхан шатаа сонсох аян” юм. Ёстой л улстөр гэдэг дээгүүрээ хийсээд байх биш анхан, дунд шатныхаа гишүүдийн үгийг сонсох, алдаатай зүйлийг нь засаж залруулах, ард иргэдтэйгээ хэрхэн хамтарч байгааг нь дуулж, орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал солилцох гэхчилэн олон асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлж эхэлсэн юм. Анхных нь  2010-1-07-ны өдөр АН-ын сэтгүүлчидтэй уулздаг “4-11” уулзалтынхаа үеэр Төв аймгийн Зуун мод хотод анх эхлүүлсэн “Анхан шатнаа сонсох аян” өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байна. Хэрэв энэ арга хэмжээнд сэтгүүлч та очоогүй бол үзэг нэгт журмын нөхдөөсөө асууж нэг үзээрэй.
Тэр үед МАХН-ын одоо хийгээд байгаа “Ард түмнээ сонсоё аян” анхныхаа гарааг эхлүүлэх нь битгий хэл сураг нь ч дуулдаагүй байсан цаг. Анхны Анхан шатаа сонсох аянаас хойш нэлээд хэд хоногийн дараа буюу 2010-1-20-ноос АН-ын генсек Д.Эрдэнэбатаар ахлуулсан багийнхан өвөлжилт хүндэрсэн цас зудтай байгаа говийн аймгийн малчдад нэн шаардлагатай эм тариа болон зарим хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг тусламж болгон хүргэхээр ажиллаж байлаа. Ид цас зуднаар хуралдаад суух биш харин тэдний хотонд очсон халуун дулаан тусламж л тэр үед хэрэгтэй байсныг газар дээр нь ажилласан хүний хувьд мэдэрч явсан гэх үү дээ. Харин биднийг буцах замдаа орж Дундговь аймагт явах үед МАХН “Ард түмнээ сонсоё аян”-ыг явуулж анхныхаа гарааг Сүхбаатар аймгаас эхэлж байгаа тухай сонсоод их дээр үеийн танил энэ нэрийг МАХН өөрийн болгосонд нь гайхаад өнгөрч байж билээ.
Уг нь “Ард түмнээ сонсоё” аяныг одоогоос есөн жилийн өмнө буюу 2001 оны 10-25-нд Ардчилсан намынхан анх санаачилан хийж хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тухайн үед энэ аяны хүрээнд бүтэн жилийн хугацаанд 21 аймагт очиж ард түмнийхээ үг, үзэл бодол, санаа оноог төрийн түвшинд хүргэж бодлого болгох ажлыг санаачлан хийж хэрэгжүүлэн ард иргэдээсээ өндөр үнэлгээ авч байсан удаатай.
Мэдээж таны бичсэнчилэн сайн сайхан юмыг дуурайж дагалгүй яахав. Тэр ч утгаараа нэрийг нь битгий хэл анх явуулж байсан үйл ажиллагааг нь тэр хэвээр нь дуурайчихсан ах намынхантай дүү нар нь хэл ам хийгээгүй байх. Хамтарсан засагт нэгэн дээвэр дор багтаж ард түмнийхээ төлөө хамтраад ажиллаж байгаагаа ч бодсон нь лавтай.
Ер нь ч 70 жил ард түмнийхээ дээгүүр сэвж зөвхөн дарга даамал, орос ах нарын тушаал заавраар явсан намынханд ард түмнээ сонсох цаг завийг одоо л гаргахгүй бол хэзээ гаргахав. Гэхдээ нэр төр, хууль, ёс жудгаа бодсон ч тэр нэрэн дээр нь ч гэсэн бага зэргийн өөрчлөлт хийчэх нь яав даа хэмээн ахмад гишүүд нь хүртэл намынхнаасаа нүүр улайсан энэ явдлыг зарим нэг нь “МАХН-ынхан  Ардчилсан намаас ард түмэндээ туслах аяныг өрнүүлж аль хэдийн замд гарсан тул нэр бодож байх цаг хугацаа гараагүй байх. Аль эсвэл тухайн үед эсрэг намынхан нь энэ аянаар ард түмнээсээ өндөр үнэлгээ авч байсан болохоор бүх зүйл нь таалагдаад хуулчихсан хэрэг” хэмээн шивэр авир хийж бүүр нэг хэсэг нь “Нэгнийхээ хийсэн юмыг ингээд шууд хуулчихаж болдог л юм байх даа. Тэгвэл зохиогчийн эрх хууль энэ тэр гэсэн юм энэнд нь хамаардаггүй юм болов уу” гэж гайхаж байсан удаа ч бий. Үнэндээ зуд турхан тохиолдсон үед ард түмэндээ очиж тусламжийн гараа хүргэж эхэлсэн дүү нараасаа ичихдээ яаран сандран хөдөлсөн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх болон түүний нөхдийг буруутгахад бас хэцүү л дээ.
Харин ямар нэгэн аян зохиож ард иргэддээ туслахад хүний олноор хүчийг үзүүлэх биш зүгээр л халуун дулаан сэтгэл, итгэл, хийж хэрэгжүүлэх чин эрмэлзлэл байхад болдог юм билээ гэдгийг энэ дашрамд ху намынханд дуулгачихья. Очсон газар болгондоо 50, 60 хүн дагуулаад уулзсан уулзалт  болгоноо рекламдаж сонин телевизээр нүүр дүүрэн төлбөртэй материал, нэвтрүүлэг хийхээр хөрөнгө мөнгө ч их гардаг байх. Магадгүй ээ далан жилийн төр барьж бааз сууриа сайн бэхжүүлсэн намынханд хэдэн зуун сая байтугай хэдэн тэрбумыг цацахад асуудалгүй байх. Харин АН-ын хувьд МАХН шиг тийм их мөнгө зараад УИХ дахь 27 гишүүнээ хурлыг нь тасалдуулаад аваад явах чадал тэнхээ байхгүй юм билээ зайлуул. Харин тэдний явсан хийсэн ажлууд түрүүчээсээ үр дүн нь гарч эхэлсэнийг ард иргэд мэдэрч байгаа.
Яахав ард түмэндээ хэрэгтэй зүйлийг хийж хэрэгжүүлж чадвал энэ зэргийн юмыг хуулах ч бага хэрэг. Тэр байтугай Ардчилсан хувьсгалыг “Бид оролцоотой. Ардчилал бидний өмч. Бид л хувьсгал хийсэн” хэмээн ярьж энгэрээ хүртэл цоолуулж хөгөө чирэхэд нь Ардчилсан нам ганц үг дугараагүй шүү дээ. Уг нь бол нийгмийн хувьсгалд нэг л автор байдаг. 1921 оны ардын хувьсгалыг Д.Сүхбаатар тэргүүтэй нөхдүүд хийхэд Богд гэгээн тухайн үед “Би хамт хийсэн юм” гэж хэлээгүй л юм билээ…
Үнэндээ 90 жилийн түүхтэй ах нараасаа илүү ардчиллынхан улстөрд ухаан сууж, намба зааж яваа нь илт. “Урд ургасан эвэрнээс хойно ургасан чих илүү” гэдгийг МАХН-ынхан биеэр мэдэрч дүү нарынхаа замаар явж тэднийхээ заасан замаар Нийгмийн Ардчилалын аяныг хүртэл өрнүүлээд байгаа ч дандаа бусдыг дууриаж дагах биш шинэ санаа оноогоор шинэлэг зүйлийн төлөө ухаан бодлоо уралдуулах цаг иржээ. Хүний хийсэн юм хүнийх л байдаг шүү дээ гэдгийг энэ далимд сануулчихья.
Б.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж