Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын  чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсгээс нийт 50 гаруй зарчмын зөрүүтэй санал гаргасныг заалт бүрээр нь санал хураасан бөгөөд үүний дараа зарчмын зөрүүтэй саналаар мөн санал хураалаа. Ингээд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж,  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Өнөөдрийн чуулганы үдээс өмнөх хуралдааны эхэнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Сосормаа нарыг томилох асуудлыг хэлэлцээд, олонхийн саналаар Элчин сайдаар томилохоор болсон юм.

Харин үүний дараагаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг гишүүдийг дан дээлтэй болгох төслийг хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өмнөх хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч энэ асуудлаар Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага аваад байсан юм. Өнөөдөр завсарлагын тов дуусгавар болсноор хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ийн “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг уг асуудлаар дахин гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч Улсын Их Хурлын дарга З.Энхболд дахин завсарлага өгөх боломжгүй гэж үзсэнээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүний дараа “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжүүлэн хэлэлцэж, хуулийн төслийг гишүүдийн 60,9 хувийн саналаар баталсан бөгөөд "Давхар дээл" тайлах хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн санал хураалтад 69 гишүүн оролцсоны 35 /50.7/ нь саналыг дэмжиж, 34 буюу 49.3 хувь нь байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Эл санал хураалтад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, А.Бакей, Д.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга, Д.Тэрбишдагва нар оролцоогүй юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж