ОХУ-ын Хантымансийск хотод болж буй эмэгтэй шатарчдын гранпри тэмцээн талдаа орлоо. Эхний зургаан өдрийн тоглолтын дараа манай тамирчин нэг оноотой болов. Түүний хувьд Оросын Татъяна Косинцева, Украины Катерина Лагнотой тэнцсэн. Харин Нана Дагнези, Александр Костенюк, Хоу Ифань, Анна Музычук нарт ялагдаад байна. Тэрээр өчигдөр Узбекстаны их мастер Нафиса Муминоватай тоглов. Харин өнөөдөр экс дэлхийн аварга Антоанета Стефановатай өрсөлдөх юм.
Тэгвэл Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотод шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Уг тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн төрөлд их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, олон улсын мастер Г.Мөнхгал, эмэгтэйчүүдийн төрөлд их мастер Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер Б.Ану нар өрсөлдөж байгаа юм. Сонирхуулахад, их мастер Б.Мөнгөнтуул тэмцээнд оролцогчид эмэгтэйчүүдээс чансаагаараа гуравдугаарт эрэмбэтэй байна.
Б.БИЛЭГ