Санкт-Петербург, сургуулиа “эргээд” ирэв

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Санкт-Петербург, сургуулиа “эргээд” ирэв

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа манай хэрэглэгч, уншигчид news.mn-ийн хаягаар мэдээ мэдээлэл, байр суурь, санаа бодлоо илэрхийлж байдаг. Ингээд Москвагаас Ж.Баярхүүгйин ирүүлсэн тэмдэглэлийг хүргэж байна.
ОХУ-ын Санкт-Петербург хотноо зургадугаар сарын 9-19-нд “Буддын соёлын 10 хоног”  болов. Энэхүү арга хэмжээг Санкт-Петербург дэх Гунзэнчойнэй дацан, Олон нийтийн хүмүүнлэгийн “Ая-Ганга” сангаас эрхлэн хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ.
    Соёлын өдрүүдийн зарим арга хэмжээнд оролцох, далимд нь “Цагаан шөнө”-ийг үзэх,  таван жил сурч, амьдарсан Санкт-Петербург хотоо “эргэхээр” саяхан яваад ирлээ.
    Өнгөрсөн зууны 80-аад онд сурч, амьдарч байсан хотын маань төв хэсгийн барилгууд яг л тэр хэвээрээ оршиж байгаа ч хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээгээ даган зарим  байгууламжийн зориулалт, ашиглалт, нэр  нь  ч өөрчлөгджээ. Миний бие тухайн үеийн нэрээр Ленинградын төмөр замын тээврийн инженерийн дээд сургууль, эдүгээгийн Петербургийн зам харилцааны улсын их сургуулийг дүүргэсэн юм. Аливаа оюутны нүдээ аниад ч алхах газар бол сургуулиас оюутны байр, тэдгээрийн ойролцоох үйлчилгээний газарт хүрэх зам байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Амьдарч байсан дотуур байрны маань гудамжны нэрийг  “Братьев Васильевых” хэмээдэг байж билээ. Бидний үеийнхэн амтархан, хөгжилдөн үздэг, олон цэнгээнт үг хэллэг, онигооны  уурхай болсон “Чапаев” уран сайхны кино дэлгэцнээ амилсаны 30 жилийн ойг тохиолдуулан уг киног найруулсан ах дүү Васильевын нэрээр 1964 оноос хойш нэрлэх болсон гэдэг. Тэгвэл эдүгээ түүхэн нэрээ сэргээж “Малая Посадская” хэмээх болсон байна. Өдөр бүр хэдэнтээ наашаа цаашаа цаг мөчтэй уралдан гүйж, алхаж явсан сургуулийн маань ойролцоох  Энх тайваны талбай ч түүхэн нэрээ сэргээж “Сенная площадь” нэртэй болсон байх ба хаяанд нь орших метроны “Площадь Мира” буудал ч мөн адил нэртэй болжээ.

Петербургийн Зам харилцааны улсын их сургуулийн төв байр
    Санкт-Петербургийг музей хот хэмээдэг. Давтагдашгүй уран хийц бүхий олон мянган барилга, ихэс дээдсийн хэдэн арван орд харш, цэцэрлэгт хүрээлэн, өвөрмөц шийдэл бүхий хэдэн зуун гүүр, урлагийн оргил болсон үнэт үзмэр бүхий музей зэргээрээ Санк-Петербург хот алдартай. Музей хотын үзмэрүүд улам бүр нэмэгдсэн байх аж. Социализмын үед зориулалтыг нь өөрчлөн ашиглаж байсан олон арван барилга байгууламжийг түүхэн хэв шинжид нь оруулан шинээр музей нээсэн байх нь элбэг тааралдаж байлаа. Жуулчдад үйлчлэх дэд бүтэц ч өмнөхөөсөө илүү сайн болжээ. Хотын төв хэсэг нь гагцхүү жуулчдад зориулагдсан мэт санагдаж байв. Энэ орчимд байрладаг байсан өргөн хэрэглээний барааны дэлгүүр, нийтийн зоогийн газрууд зориулалтаа өөрчилж тансаг бараа, үнэтэй үйлчилгээний газрууд болсон нь элбэг ажээ. Энэхүү өөрчлөлт нь зах зээлийн жаягийн дагуу хийгдсэн ч жирийн иргэд, оюутан залуучуудад хүндээр тусч байгаа болов уу гэсэн  сэтгэгдэл төрж байлаа. Бидний хүнсээ цуглуулж, яарсан үедээ хооллодог байсан тэр газрууд лав ийнхүү өөрчлөгджээ.
    Москвагаас Санкт-Петербург хот руу явахын өмнө Улаанбаатар төмөр замын Москва дахь төлөөлөгч С. Наранбат “Та сургууль, байраараа орох биз дээ” хэмээн намайг өдөөд “Манай  төмөр замын нэр дээр танай сургуульд 14 хүүхэд  суралцаж байгаа. Зав гарвал та уулзахыг бодно шүү” гэж захиж билээ. С.Наранбатын өдөлт, захиас нь “ЛИИЖТ” хэмээх Оросын техникийн ууган /1809 онд байгуулагдсан/ сургуулийн төгсөгч надад “үүрэг”-ийг минь сануулах шиг болсон. Энэ л сургуулиас олж авсан боловсрол, асуудалд хандах сэтгэлгээ, аливааг судлах арга зүй зэрэг нь миний ажил хөдөлмөрийн шимтэй хөрс  болсон тул сургуулиараа орох, тэнд суралцаж буй монгол оюутнуудтай уулзах нь хүн ёсны үүрэг минь яах аргагүй мөн билээ.
    Оюутнуудтай уулзлаа, дараа өдөр нь сургуулиар орлоо. Амралтын өдрүүд байсан тул дотуур  байрны эрхлэгч, ажилтнууд байсангүй. Сургууль дээр  хөл хөдөлгөөн бага ч анги дэвших шалгалт, сургууль дүүргэх дипломын ажлын хамгаалалт эхэлсэн тул давтлага хийж буй багш, оюутнууд цөөнгүй байв. Сургуулийн үндсэн хэсгүүдээр явж дурсамж болсон зүйлсээс чухам юу нь хэвээрээ, юу нь яаж өөрчлөгдсөнийг сонжихын сацуу зарим нэгэн тэнхмээр оров. Хэдийгээр монгол оюутнуудын суралцаж буй мэргэжлийн бүх тэнхмээр орж амжаагүй ч Автоматик, телемеханикийн /миний эзэмшсэн мэргэжил/, Цахилгаан механиктйн байгууламж, цогцолборын, Вагон, вагоны аж ахуйн, Химийн зэрэг тэнхмүүдээр орж зарим нэгэн багш нартай уулзаж дурсамжаа  хуваалцахын зэрэгцээ  манай оюутнууд хэрхэн суралцаж байгаа талаар сонирхов.
    Энэ дашрамд, Цахилгаан механикийн байгууламж, цогцолборын тэнхмийн доцент Г.А.Попов тус сургуулийг 1961 онд хамт төгссөн С.Пүрэв хэмээх найзаа дурсаж, холбоо тогтоох, дараа жил тохиох төгсөлтийнхээ 50 жилийн ойд хүрэлцэн ирэхийг хүсч байсныг тэмдэглье. С.Пүрэв гуайг таних мэдэх хүмүүс түүнд андынх нь хүсэлтийг уламжилна гэдэгт итгэлтэй байна.
    Г.А.Попов багш зүтгүүрийн аж ахуйн чиглэлээр тус сургуулийг төгссөн үе үеийн олон арван оюутнуудыг овог нэрээр нь сайн мэддэг, монгол орон, монгол оюутнуудад элэгтэй нэгэн ажээ. Эдүгээ зүтгүүрийн аж ахуйн чиглэлээр тус сургуульд суралцаж байгаа Дамдинпүрэвийн Хорлоо, Түмэндалайн Даваадалай нарыг тэрбээр хичээл зүтгэл, сурлага сайтай хэмээн ихэд магтаж байлаа.Ахмад багшийн сэтгэлийг гонсойлгож байгаа ганц нэг монгол оюутан байгааг ч  тэрээр нуулгүй нэрлэж байв. Бидний хооронд илэн далангүй, хүрээ хязгааргүй /Чингис хааны үр удмын талаар ч дурсаж байв/ яриа өрнөж, түүнээс өөрийн дотны зарим нэгэн багш нарынхаа тухай болон сургуулийнхаа сүүлийн хориод жилийн түүх, үйл ажиллагааны талаар өргөн мэдээлэл авч сэтгэл маань ихэд тэнүүн болж билээ.
    Миний төгссөн мэргэжлийн тэнхим Юсуповын ажлын ордонд  байрладаг байснаа сургуулийн үндсэн байр руу шилжин нүүжээ. Юсуповын ордны дотоод зохион байгуулалтыг мөн л “түүхэн хэв маяг”-т нь оруулахын тулд их засвар хийж Эдийн засгийн факультет байрлах болсон гэнэ. Тиймээс “Автоматика, телемеханик”-ын тэнхим хаана байрлаж байгааг Г.А.Попов багшаас асуутал тэрбээр надад газарчлах болж, тэр зуураа Химийн тэнхимээр дагуулан орж ээж нь энэхүү тэнхимд ажилладаг байсан, хүүхэд байхдаа ирж дэггүйтдэг байсан тухайгаа дурсаж билээ. Ээж нь насаараа Химийн тэнхимд ажилласан, өөрөө 1956 онд тус сургуульд элсэн орж 1961 оноос тасралтгүй 50 шахам жил багшилж байгаа, өөрөөр хэлбэл ЛИИЖТ хэмээх аугаа их сургуультай  ой ухаан орсон үеэсээ буюу бараг 70 жилийн хүйн холбоотой гэдгээ тэрбээр надад тойруу замаар бахархалтайгаар ойлгуулаад амжив.
Автоматик, телемеханик буюу төмөр замчдын хэлж заншсанаар Дохиолол холбооны мэргэжлээр 5 монгол оюутан суралцаж байгаа ажээ. Багш нарынх нь ярьж байгаагаар тавдугаар курсын оюутан Л.Урантөгс, Ж.Энхжаргал, дөрөвдүгээр курсын оюутан Б.Батзориг нар боломжийн сурлагатай, харин үлдсэн хоёр нь бага зэрэг асуудалтай гэнэ.
Намайг суралцаж байх үед буюу 1983-1988 онд  Дохиолол холбооны мэргэжлийн оюутнууд жигд, сайн сурлагатай байж билээ. Манай курс болон дээд,  доод курсын оюутнуудын ихэнхи нь сайнаас онц суралцдаг байсан. Мэдээж тэдэн дотроос онцолбол зохих сайн сурлагатай, одоо мэргэжлийн чиглэлээр нэр төртэй, сайн ажиллаж буй олон хүн бий. Сурлага, хүмүүжлийн хувьд хааяа нэг доголддог ганц нэгэн оюутан байсныг ч нуух юун.
Юсуповын ордон
Гэхдээ л намайг суралцаж байх үед сурлага, хүмүүжлийн доголдлын улмаас сургуулиас хасагдсан оюутанг миний бие төдийлэн сайн санахгүй юм аа. 1984-1988 онуудад манай факультетыг лав л 20 гаруй хүн амжилттай төгссөн. Харин одоо суралцаж байгаа 5 оюутнуудаас 3 нь нэр төртэй суралцаж байгаа ч багш нарын Монгол оюутнуудад өгөх ерөнхий үнэлгээ  бидний үеийнхээс  дордсон мэт санагдаж байв. Сэтгэл гундуухан л тэнхмээсээ гарсан даа.
    Дараа нь Вагон, вагоны аж ахуйн тэнхмээр оров. Харин тэнд бараг бүх багш нар байх ажээ. Тэнхмийн эрхлэгч, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Ю.П.Бороненко, сургалт эрхэлсэн орлогч, доцент И.К.Самаркина, ахлах багш Т.С.Дмитриева нартай уулзаж ярилцав. Тус тэнхмийн мэргэжлээр 5 дугаар курст Г.Анхбаяр, магистрантурын 1 дүгээр курст Х.Эрдэнэмөнх нар суралцаж байгаа юм байна.  Тэнхмийн удирдлага, багш нар манай хоёр залууд тун элгэмсэг хандах аж. “Сурлага, ёс зүй, хүмүүжил сайтай. Г.Анхбаяр нь дипломын ажлаа туурвиж дууссан. Амжилттай хамгаална гэдэгт итгэлтэй байна” хэмээн магтаж байв. Тэнхмийн эрхлэгч, түүний сургалт хариуцсан орлогч нар Монголоос тус сургуульд вагон, вагоны аж ахуйн мэргэжлээр оюутан, магистрантуудыг сургах сонирхолтой  байгаагаа хэдэнтээ давтан хэлсэн нь надад тун таатай байв. Монголынхоо нэрийг 200 гаруй жилийн түүхтэй энэхүү сургуульд дуурсгаж яваа Г.Анхбаяр, Х.Эрдэнэмөнх нартаа “баярлалаа” хэмээн дахин дахин хэлмээр санагдаж билээ.
    Миний оролцох  дараагийн арга хэмжээний цаг болсон тул аргагүй эрхэнд л сургуулиа орхин гарлаа.
     Дээр дурьдагдсан мэргэжлээс гадна Ашиглалт, Замын аж ахуй, Хүнд машин механизмын чиглэлээр тус сургуульд монгол оюутнууд  суралцдаг юм билээ. Тэдний дунд Г.Анхбаяр, Т.Даваадалай, Д.Хорлоо, Х.Эрдэнэмөнх нар шиг олон сайн оюутан бий гэдэгт итгэлтэй байна.

    Зураг дээр, зүүн гараас нэгдүгээр эгнээнд: С.Сумъяадорж, Л.Урантөгс, Б.Батзориг, хоёрдугаар эгнээнд: Г.Анхбаяр, Т.Даваадалай, Д.Хишигдорж.
    Санкт-Петербургээс  явахынхаа өмнө Петербургийн зам харилцааны улсын их сургуулийн Монгол оюутны төлөөлөлтэй дахин уулзаж “ахмад оюутан”-ны  “сургаал”-ыг “айлдсан” гэдгээ дурдахын сацуу ер нь энэхүү сургуулийн Монгол оюутнууд сурлага, хүмүүжлийн хувьд харьцангуй жигд юм байна гэсэн сэтгэгдэл  надад төрсөнийг тэмдэглэж байна. Нийгмийн идэвхжил ч сайтай ажээ. Тус сургуульд “Ашиглалт”-ын мэргэжлээр суралцаж буй С.Сумъяадорж Санкт-Петербург хотын Монгол оюутны холбооны нарийн бичгийн даргын сонгуультай бол Л.Урантөгс Дотуур байрныхаа оюутны зөвлөлийн гишүүн, Г.Анхбаяр  сургуулийнхаа Монгол оюутнуудын ахлагчаар ажиллаж байсан ажээ. Г.Анхбаяр  сонгуульт ажлаа Хүнд машин, механизмын 3 дугаар курсын оюутан Д.Хишигдоржид шилжүүлээд байгаа юм байна.
    Энэ жил тус сургуулийн 14 монгол оюутнаас 6 нь төгсөх аж. Тэдний төгсөлтийн ёслолын ажиллагаанд УБТЗ-ын Москва дах төлөөлөгч С.Наранбат оролцохоор төлөвлөж байгаа юм байна. “Ахмад оюутан”-ны  хувьд тэдний дипломын ажлын сэдэв, хэрхэн хамгаалсан тухай болон УБТЗ-аас ОХУ-д мэргэжилтэн бэлтгэх талаар баримтлах бодлогын зарим нэгэн асуудлын талаар та бүхэнд “үг чулуудна” гэдгээ тэмдэглэн анхны албаны бус, нийтэд зориулсан бичвэрээ дуусгая.
Ж.Баярхүү
Москва хот, 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж