УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн пүрэв гаригт Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр МАН-аас Чингисийн талбайд жагсаал зохион байгуулсан. Тэгвэл түүний үргэлжлэл болсон хоёр дахь жагсаалыг МАН-аас өнөөдөр мөн зохион байгууллаа. Жагсагчид Төрийн ордны гадаа лоозон барин жагсаж, Засгийн газрын сайд нарыг давхар дээлээ тайлахыг шаардсан юм. Мөн өнгөрсөн пүрэв гаригт жагсах үеэрээ тэд УИХ-д хандан шаардлага хүргүүлсэн, түүнийхээ хариуг өнөөдөр авахаар жагссан ч хариугаа авч чадаагүй буцсан.
Гэхдээ тэднийг жагсах үеэр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг хэлэлцэж байсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан хуулийн хэрэгжих хугацаа 2014 оны долдугаар сарын 1-нээс гэх санал дэмжлэг хүлээсэн байлаа. Үүний дараагаар МАН-ын гишүүд, дэмжигчид жагсаалаа зогсоосон юм.
Г.ДАРЬ