
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хүчээр нэр холбосон нэгэн бүсгүйн зураг сошиал ертөнцөд цацагдаж, хийсэн хэрэг нь шүүхээр нотлогдоогүй байхад түүнийг хар тамхичин, биеэ үнэлэгч гэж ирээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цоллож эхлэв. Угтаа бол хүний хувийн нууц хуулиар хамгаалагдсан байдаг. Гэтэл ядарсан нэгэн бүсгүйн амьдралын хүсэл мөрөөдлийг нь үгүй хийж, ирээдүйг нь дэвслэн байж улстөрийн тоглоомны хавчуурга болгон ашиглах нь хэнд ашигтай байсан бэ?
Хар тамхичин, биеэ үнэлэгч, архичин, гуйлгачин нийгмийн хог шавхруу байлаа ч хүнд өөрийн гэсэн үнэт зүйлс бий. Тэнгэрээс унаж, цэцэгнээс ургаагүй л бол тэр бүсгүй хэн нэгэн аав, ээжийн охин байж таарна. Ах, дүү, анд нөхөдтэй л хүн байгаа. Тэднийхээ нүүрийг харах эрхгүй болтлоо доромжлуулсандаа шаралхаад ямар ч үйлдэл гаргаж болох эрсдэлтэй. Ийм эрсдэл учирвал эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Мөрдөн байцаалтын нууц задруулсан цагдаа юу, түүнийг нь улстөрийн зэвсэг болгон ашигласан улстөрчид үү. Тэр бүсгүй хэзээ нэгэн цагт хүнтэй сууж, хүүхэдтэй болно. Тэр цагт нөхөр нь биеэ үнэлэгч, хар тамхичин гэж насан туршид нь тарчлаан зовоовол яах вэ. Сарангэрэл гэх тэр бүсгүйг Монголд танихгүй хүнгүй болтол нь зураг хөргийг нь дэлгэж, хар тамхичин, биеэ үнэлэгч хэмээн зарлаж байгаа улстөрчдөд түүний нэр төр, цаашдын амьдрал хамаагүй юу. Энэ явдлыг дөгөөж, зовлого дээр гуаглаж байгаа хэрээ шиг аашилж буй хэвлэлийнхнээс хүний нэр төр, халдашгүй эрхэнд халдах нь сэтгүүлзүйн үндсэн зарчим мөн үү гэж асуумаар байна. Унаж яваа нэгнээ түшдэггүй юм аа гэхэд дээрээс нь дэвслэхгүй байх нь хүн чанар бус уу.
Монголд хууль, цагдаа, улстөрийн хүрээнд хэн нэгний нэр төрийг зүгээр л нулимах нь хүүхдийн тоглоом төдий болжээ. Авлига, хээл хахуулийн хэргийг илчлэх үүрэгтэй АТГ хүртэл энэ тоглоомонд хэт оролцох болсныг хамгийн сүүлд хийсэн хэвлэлийн хурлаас харж болно. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АТГ-аас мэдээлэл хийж, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг интерполоор эрэн сурвалжиж байгаа талаар мэдэгджээ. Хоёрхон хоногийн дараа интерполоор эрэн сурвалжилж байгаа хүн нь өдөр тутмын сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгч, Монголдоо байгаагаа дуулгасан байна лээ. Энэ бол гайхмаар асуудал биш л дээ. АТГ-аас байсхийгээд л сенсааци мэдээ тараадаг, хэвлэлийнхэн ч шүүрч аваад түүнийг нь цацдаг. Гэтэл авлига авсан, өгсөн, идсэн уусан нь нотлогдоогүй байхад нэр зүсээр нь зарлах эрх АТГ-ынханд ингэхэд бий юу. Мөрдөн байцаалтын үеийн нууцыг гадагш задруулахгүй байх нь хууль, хяналтынхны үүрэг. Шүүхээс гэм буруу нь тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэмтэн, буруутан гэж зарлах эрх хэвлэлийнхэнд ч улстөрчдөд ч, хууль, хяналтынханд ч байх ёсгүй билээ. АТГ-аас хийдэг хэвлэлийн бага хурлын уур амьсгалын хөндлөнгөөс ажиглахад тэдний хийдэг ажил нь зөвхөн нийгэмд дуулиан, шуугиан тарихад чиглэгддэг болсон харагддаг. Хэн нэгнийг авлигачин гэдгийг зарлахаасаа өмнө зүй нь бол авлига авсныг батлах хэрэгтэй юм.
Түүнээс энэ авлига авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр бусдын нэр төрд халдах нь өөрөө гэмт хэрэг гэдгийг хуулийнхан маниар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ. Хамгийн гол нь авлига авсан байж болзошгүй гэдэг шалтгаанаар хэн нэгэн хүнийг шалгаж байгаа бол түүнийгээ баримтжуулсны дараа сенсааци тарьж болдоггүй юм уу. Болзошгүй гэдэг үг бол авлига авсан гэдэг баталгаатай нотолгоо биш.
Монголын улстөрчдөд нэг муухай зан байдаг. Эр хүмүүс шиг нүүр, нүүрээ харж байгаад "зодолдчихож" чадахгүй дандаа эхнэр хүүхдээр нь оролддог, арагшаа харангуут нуруу руу нь "хутга" шиддэг үзэгдэл бүр хэвшил болсон. Хувь, хувьсгалынхаа асуудлыг ялгаж чадахгүй тавын данхтай цай дундаа тавьчихаад хов ярьж, зугаагаа гаргадаг хөгшин авгай нар шиг улстөрч олон байна. Тийм болохоор төрийн ажил хов живээр дүүрчихээд улс орны хөгжил урагшлахгүй байгаа юм шүү дээ.
Хэн ч байлаа гэсэн жирийн иргэний хувь заяа, амьдралыг нь улстөрийн тоглоомны шоглоом болгох эрхтэй гэж төрийн мөрдөстэй хуулийнхан, улстөрчид, хэвлэл мэдээллийнхэн эндүүрээд байх шиг. Гэтэл Хувь хүний нууцын тухай гэж бүхэл бүтэн хууль цаана чинь байна. Хуулинд “Хувь хvний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно” гэсэн заалт байдаг. Хэн нэгний нууцыг задруулсан хуулийнхан болоод улстөрчдөд тэгэхээр ямар хариуцлага хүлээлгэх вэ? Явцуу эрх ашгийнхаа төлөө бусдын амьдралыг сүйтгэхээ юман чинээ тоохгүй байгаа Монголын улстөр увайгүй гэхэд дэндүү увайгүй харагдаж байна.