
Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкны зүгээс гаргасан урьдчилсан прогнозоор энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 11.5 хувьд хүрэх бололцоотой аж. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 11.7 хувьтай гарсан. Хөрш орнуудтай харьцуулахад энэ үзүүлэлт өндөр юм байна. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг дээрх хэмжээнд хүргэхэд тодорхой хүндрэлүүд гарахыг Ерөнхий сайд онцолж байна. Энэ нь дэлхийн эдийн засаг хүнд байгаатай холбоотой. Тэр тусмаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш унасан нь эдийн засгийн өсөлтийг хангахад бэрхшээл учруулахаар байгаа ч зарим нэр төрлийн экспортын хэмжээ өсчээ. Тухайлбал, өнгөрсөн оны эхний нэгдүгээр улиралд Монгол Улс 82 мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргаж байсан бол энэ оны эхний нэгдүгээр улиралд 150 мянган тоннд хүрсэн нь хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Зэсийн баяжмалын экспорт өсөхөд Оюутолгой компаниас гаргаж байгаа зэсийн баяжмал жин даржээ.
Түүнчлэн газрын тосны экспорт өсч, экспортод гаргасан түүхий газрын тосны хэмжээ 1.5 сая баррельд хүрсэн байна. Иймэрхүү эерэг дүр зураг байгаа ч инфляцийн өсөлт буухгүй байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн оны эхний улиралд инфляци 3.6 хувьтай байсан бол өнөө жилийн эхний нэгдүгээр улиралд энэ үзүүлэлт 3.5 хувьтай гарчээ. Тодруулж хэлбэл, инфляци өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг их буурахгүй байгааг харуулж буй юм.