Энэ нь гаалийн байгууллагад хамаарах буюу гаалийн төлбөр, тооцоонд хэрэглэх төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг бараа мэдүүлсэн өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшаар тооцож байхаар боллоо. Өөрөөр хэлбэл, хилийн хяналт шалгалтаар бараа саатсан, хүлээгдэж байгаа тохиолдолд төлбөр, тооцоог бараа мэдүүлсэн өдрийн ханшаар тооцох юм байна. Ингэснээр валютын ханшийн савлагаанаас үүдэлтэй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хохирлыг хаах боломж бүрдэх сайн талтай.
Төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш чанга, тогтворгүй байгаагаас валютаар төлбөр тооцоо хийдэг байгууллага, бизнес эрхлэгч нар ихээхэн хохирол амсч байгаа юм. Тиймээс гаалийн төлбөр, тооцоонд тодорхой зохицуулалт хийхээр Гаалийн тариф, татварын тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хуулийг үндэслэн Монголбанк, Сангийн яам хамтарч энэхүү тушаалыг гаргажээ. Тушаалын дагуу холбогдох арга хэмжээ авч, ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатад даалгасан бөгөөд тушаал дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн байна.