
Финляндын төрийн далбаа нь цагаан дэвсгэр дээр хөх загалмайтай. Хүн бүр далбааг өргөх эрхтэй. Олон нийтийн өмнө далбааг урж тасдан түүнд хүндэтгэлгүй хандсан хүнийг торгодог. Тусгаар тогтнолын өдрөөс эхлэн финчуудын үндэсний 17 баяр наадмаар төрийн далбааг өргөдөг.
Шотландын тусгаар тогтнолын өдөр
Шотландын ван Роберт Брюс 1314 оны зургадугаар сарын 24-нд Английн хаан II Эдуардын цэргийг бут ниргэн өөрийн орны тусгаар тогтнолыг сэргээжээ. III Александр ван засаг барьж байхад Шотланд хөгжин цэцэглэж өмнөд хөрш Англитай тайвнаар зэрэгцэн оршиж байв. Шотландын вангийн эмгэнэлт үхэл мөн тэрээр хаан ширээ залгамжлагчгүй байсан нь “Шотландын тусгаар тогтнолын төлөөх анхны дайн” гэдгийг үүсгэсэн байна. Хаан ширээнд суухаар агуу байлдан дагуулагч гэгдэх Вильгельмын удмын Жон Баллиоль, том Роберт Брюс хоёр өрсөлдсөн ба Английн хаан I Эдуард тэднийг шүүн Баллиолийг илүүд үзжээ. Гэвч 1296 онд тэрээр Баллиолийг авч хаян өөрийгөө Шотландын хаанаар зарласнаас тэнд тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн эхэлсэн түүхтэй. Шотландын хаан ширээнд өрсөлдөж байсан Брюс Шотландын дээдсийн цуглаанаар хаанаар зарлагдан англичуудыг захиргаанаасаа хөөж эхэлсэн байна. Гэвч түүний тэмцэл ялагдал ба ялалтаар ээлж дараалан явагдаж байсан билээ. II Эдруард нас барсаны дараа түүний зориг муутай хүү нь Брюсийн эсрэг байлдаж
чадалгүй ялагдал хүлээн Шотланд тусгаар тогтносон байна.
Квебекийн өдөр
Канадад энэ өдрийг Квебекийн ивээгч хувилгаан Жан-Батистын баяр гэдэг. Канадын франц хэлтнүүдийн энэ муж тус орны хөгжилд чухал үүрэгтэй.
Индианчуудын өдөр
Перу улсын чийглэг ширэнгэн ойд 100 орчим индиан омгийнхон амьдрах ба тэд бөглүү далд газар бараг бүх гадаад ертөнцөөс тусгаар амьдарч байдаг. Тэдний бас нэг хэсэг кечуа ба аймар хэлтнүүд нийслэлд ихэнх нь суурьшжээ. Энэ өдөр тэд Пуногийн уулын тэгш өндөрлөгөөс бууцгаан цугларч Өмнөд Америкийн кечуа ба аймарын иргэншлэл тогтсон үйл явдлаа тэмдэглэдэг ажээ.
Үйл явдал
1241 ОН: Хойд Хятад, Дундад Ази, Орос, Кавказыг эзэлсэн монголчууд Моравийн Оломоуц хотыг бүслэн хаасан байхад нь цайзны ханын цаанаас гарч ирсэн Ярославын цэргүүдэд дийлэгдэж анхны ялагдлыг амсав. Польш, Чехад хохирол үзсэн монголчууд өмнө зүгт довтлон Адриатын тэнгист хүрээд байснаа их хаан Өгөөдөйн нас барсан мэдээгээр гэнэтхэн ар тийшээ буцсан байна. 1812 ОН: Францын I Наполеоны арми дайн зарлалгүйгээр Оросын нутагт нэвтрэн оров. Нийтдээ 240 мянган хүнтэй оросын армиуд М.Браклей-де-Толли, П.Багриатион, А.Тормасов нарын командлалын дорт францчуудын эсрэг зогссон юм. Оросын арми ухран байлдсаар наймдугаар сард ерөнхий командлагчаар томилогдсон М.Кутузовын удирдлагаар Бородиногийн тулаалдааныг хийн армиа хамгаалан үлдээхээр Москваг орхин ухарсан билээ. Дараа нь тэд партизаны дайн хийсээр Наполеоныг аравдугаар сард Москваг орхин ухрахад хүргэсэн юм.
Арваннэгдүгээр сард нь Беразин мөрний орчим Наполеоны арми ялагджээ.
1945 ОН: Москвад Ялалтын парад болж, Агуу эх орны дайны 10 фронтын шилдэг дарга цэрэг оролцлоо. Парадыг маршал .Г.Жуков хүлээн авч маршал К.Рокосовский командалжээ. Ялагдсан дайсныхаа анги нэгтгэлийн 200 тугийг Ленины бунханы өмнө хаяснаар парад төгссөн юм.