Гэхдээ байрны подвальд амьдардаг хүү амиа хорлосон нь үерхэл зэрэгтэй огт холбоогүй юм шиг санагдлаа. Иймээс ч болсон явдлын араас сурвалжилж учрыг нь тайлахыг оролдов. Таамаглал үнэн байжээ. Хүүд гэр бүлийн аз жаргал, эцэг эхийн хайр дутсан байж. Бас ганцаардмал, тарчигхан амьдралаасаа залхаж, хорвоо дэндүү бачим санагдсан бололтой. Амьдарч байсан байрныхан болон эх сурвалжууд хүүгийн бурхны оронд очихоос өмнөх амьдралын талаар нь ингэж ярьсан юм.
“ЭЭЖ НЬ ХҮҮГИЙНХЭЭ ЗУРГИЙГ ТЭВРЭЭД ГАРСАН”
Сурвалжлагын минь сэдэв болсон хүүд (талийгаач) үеийнхэндээ хөөрөөд ярьчих сайхан зүйл үнэндээ байсангүй. Сургуульд сурдаггүй болохоор зуны амралт ярих утгагүй. Гэр бүлийн тухай дурсаад бүр ч дэмий. Ээж нь хааяа архи сэнгэнүүлж ирэхээс өөрөөр бараа нь харагдахгүй. Хэд хоног сураггүй байгаад согтуу ирэхдээ зовлон бүхнийг хүүдээ тохоон гомдол, агсмын хооронд уйлж, дуулж байгаад унтчихна. Ийм амьдрал 14 настай хүүд утгагүй санагдсан хэрэг. Түүнд бусад хүүхдүүдэд байдаг шиг гэр бүл, баяр хөөр, тоглоом, найз нөхөд аль аль нь байсангүй. Тиймдээ ч тэр үеийнхэнтэйгээ тоглож, ярилцдаггүй. Нарантуул захад бараа зөөж, хүнд хүчир ажил хийж олсон хэдэн бор цаасаараа гэдсээ цатгачихаад л гэрээ зүглэнэ. Гэр гэдэг нь Хан-Уул дүүргийн III хорооны нутагт байдаг орон сууцны подвалийн нэг өрөө. Ээжтэйгээ оромж ч үгүй байсныг бодоход харанхуй ч гэсэн амьдарч болох л газар. Арваад хоногийн өмнө ээжийнх нь танил эмэгтэй подвалийн нэг өрөө олж өгсөн гэнэ лээ. Ээж нь тэнд бараг ирдэггүй. Хажуугийн өрөөнийхөн нь “Танай ээж ирэхээрээ архи уугаад муухай үнэртэй юм” гэхчлэн үглэх нь дарамттай. Хүү хүчир ажлаас амсхийн ирэхэд ээжийнх нь талаар таагүй яриа, бас чийг үнэртсэн харанхуй өрөө угтдаг байж. Түүнийг сүүлийн хэд хоног хүнтэй үг сольж, сэтгэлээсээ инээгээгүй байхаа гэж хажуу айлынхан нь ярьж байна лээ. Хөөрхий хүү ямар их ганцаардаж, ээжээсээ, хэн нэгнээс хайр хүлээгээ бол.
Балчираасаа амьдралд нухлагдсан учраас үеийнхнээсээ том биетэй. Ойр хавийнхан нь түүнийг 20 гарсан идэр залуу гэж харснаараа харьцдаг байжээ. Бүр ”Ээжийгээ архи уулгалгүй олигтой аваад явчихаж чадахгүй юм байж” гэж загнасан ч нэгэн байх. Ийм амьдралыг 14-хөн настай хүү даасангүй. Нэг өглөө бүгчим подвалийнхаа тааз ширтэж хэвтэхдээ хорвоо дэндүү бачим байгаа мэт санагдсан бололтой. Давчидсан хүүд үхэхээс өөр гарц бодогдоогүй хэрэг. Тэгээд л хоймортоо залсан бурхны зураг дээр байсан хадгийг аваад гарчээ. Гэрээсээ гараад 100 хүрэхгүй метр газарт Дунд голын бургаснаас боож, амиа хорлосон байна. Талийгаачийн богинохон амьдрал хүнд, хэцүү бүхнээр дүүрэн байсныг танилцаад удаагүй байрныхан нь ярьж байсан. Бас “Нүдэнд дулаахан. Том биетэй хөөрхөн залуу байсан юмсан. Эцэг, эхийн хайраар л дутчихлаа даа” гэж харуусах ч нэгэн байлаа.
Амьдарч байсан орцных нь жижүүр эмэгтэй “Хүү, ээжтэйгээ саяхнаас нүүж ирсэн. Ээж нь бараг харагддаггүй. Хүү нь явж л байдаг юм. Бидэнтэй дуугардаггүй юмаа. Ээжээсээ ичдэг юм шиг байна лээ. Ээж нь гэж архи уудаг эмэгтэй бий. Иймэрхүү хүнд подвалийн өрөө битгий хөлслүүлээч гэж Жавхаагаас гуйгаад л байгаа” гэв. Жавхаа нь тэр подвалийн эзэн гэнэ. Түүнийг хайж олоод ээжийнх нь талаар асуухад “Тэр эмэгтэйн эгч нь гуйсан болохоор л зөвшөөрсөн юм. Хүү нь амиа хорлоод хоёр хонож байгаа гэнэ. Энэ талаар сая л сонслоо. Ээж нь ч дуулгаагүй. Уулзаж байж л учрыг нь олохоос. Ээжтэй нь холбоо барих ч боломжгүй юм билээ” гэлээ. Харин хажуу айлынхан нь “Талийгаачийн ээж хоёр хоног эзгүй байсан. Өглөө ирээд “Манай хүү өөд болчихсон” гээд зургийг нь тэврээд гарсан. Талийгаачийг амиа хорлосон өдөр (энэ сарын 21) энэ хавиар цагдаагийн машин эргэлдээд байсан. Ээж нь харин ирээгүй байх аа. Хүүгийнхээ буяны ажлыг хаана хийж байгаа юм мэдэхгүй. Ойрд ирэхгүй байх” гэв. Хэд хоног хүүтэйгээ уулзаагүй, гэртээ ирээгүй ээж зургийг нь тэврээд үлдсэнийг сонсоход хэцүү санагдсаныг дурьдахад илүүдэхгүй биз ээ. Гэр бүлийн хайраар дутсан хүү хорвоог орхитлоо гутарсан гунигт явдлаас гадна бас нэг аймшигт хэрэг гарчээ. Сонгинохайрхан дүүргийн XXII дугаар хорооны нутагт дөрвөн настай охин эцгийнхээ гарт амиа алдсан байна. Балчирхан охин өмдөндөө шээсэн нь хорвоогоос халих хүртэл шийтгэл авахад хүргэсэн аж. Тодруулбал, хойд эцэг 24 настай Х өмдөндөө шээлээ гэж охиноо гурван удаа толгой руу цохиж, амийг нь хохироосон байна. Энэ хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Ийн нэг долоо хоногт хоёр хүүхэд хорвоогоос буцлаа. Хоёуланд нь гэр бүл, эцэг эх нь буруутай санагдана. Гэхдээ тэдний гэм бурууг бид биш хуулийн байгууллага тогтоох биз ээ.
Б.Цэцэгдэлгэр.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.