
Бага хурлыг Гурван талт хамтын ажиллагааны байгууллагын НБДГ-ын тэргүүн Элчин сайд Шигёо Иватани нээсэн бөгөөд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөх Чү Чөл Ги баяр хүргэж үг хэлэв.
Бага хуралд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, ОХУ-ын Элчин сайд К.В.Внуков, Европын холбоог төлөөлж, Ирландын Элчин сайд хатагтай А.Донохью, ЕАБХАБ-ын төлөөлөгч Томас Вухте, АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн профессор Кент Калдер нар урилгаар оролцож тус тус илтгэл тавив.
Гурван талт хамтын ажиллагааны байгууллагын НБДГ буюу TCS-ийн зүгээс зохион байгуулж байгаа 3 дахь удаагийн олон улсын энэхүү бага хуралд (Өмнө нь 2011 оны 10 дугаар сар, 2012 оны 10 дугаар сард тус тус бага хурал зохион байгуулсан) тус байгууллага өөрийн оролцогч бус орнуудаас төлөөлөгч урьж илтгэл хэлэлцүүлсэн нь онцлог байв.
Элчин сайд Б.Ганболд “Wisdom of integration-When Northeast Asia Encounters the West” дэд хэсгийн хуралдаанд “Зүүн хойд Ази (ЗХА) дахь интеграчлалын шинэ загвар: Итгэлцлийг бий болгох, хоёр талын хүчирхэг хамтын ажиллагаа хөрс суурь нь мөн” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын ЗХА-д чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын талаар танилцуулав. Мөн Монгол Улсын тус бүс нутагт олон улсын зуучийн үүрэг гүйцэтгэх чадамж зэрэг асуудлыг хөндсөний зэрэгцээ Хятад, Япон, БНСУ-ын гурван талт хамтын ажиллагааны бүтцэд орж ажиллах өөрийн улсын сонирхлыг илэрхийлэв.
Энэ удаагийн арга хэмжээ нь БНХАУ, Япон, БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны арга хэмжээнд манай улс анх удаа албан ёсоор оролцож, өөрийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлж, санал солилцсон нь ач холбогдолтой болов.