Үндэсний компаниуд “Эврика”-г ивээн тэтгэв

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

Үндэсний компаниуд “Эврика”-г ивээн тэтгэв

1993 оноос тасралтгүй зохион байгуулж байгаа “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлын нэгдсэн хуралдаан өнөөдөр болж,  шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулах ёслол Төрийн ордны их танхимд боллоо. Энэ жилийн “Эврика-2014”-т 110 гаруй оюутан, 60 гаруй залуу багш нар нийт 10 салбарт өрсөлдсөн байна. Эдгээрээс шилдгийн шилдгээр залуу багш Ө.Бүрэнжаргал /ШУТИС/  “Баруун Монголын Цээлийн метаморф террейн дэх гүний чулуулгийн (магмын) түрэлттэй холбоотой дулааны хувьсал”, оюутан Б.Жаргалсайхан /ШУТИС/ “Оюут улаан зэс алтны порфирын хүдэржилтийн судалгаа” сэдэвт илтгэлүүд шалгарсан байна.

Мөн энэ жилийн “Эврика”-г үндэсний хэмжээний томоохон компаниуд ивээн тэтгэсэн шилдгийн шилдгээр шалгарсан залуу багшийг 1.500.000  төгрөг, оюутныг 500.000 мянган төгрөгөөр шагнасан байна. 10 салбар хуралдааны шилдгүүдийн шагналыг өөр өөр компаниуд ивээн тэтгэсэн байна. Тухайлбал Хууль эрх зүйн салбарыг УИХ-ын Тамгын газар, Эдийн засгийн салбарыг “Атар өргөө” ХХК, Техник технологийн салбарыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийгмийн ухааны салбарыг “Номин Холдинг” ХХК, Газар зүй геологийн салбарыг “Мон лаа” групп, Байгалийн ухааны салбарыг “Бридж” группын “Everyday” салбар, Бизнесийн салбарыг “Эрин” интернэйшнл, Мэдээллийн технологийн салбарыг “Интерактив” ХХК, Экологи, Хөдөө аж ахуйн салбарыг “Mind tech” ХХК, Анагаах ухааны салбарыг “Монос групп” мөн “Мобиком” корпараци, “Скайтел” групп ивээн тэтгэжээ. Эдгээр компаниуд цаашид ч 10 жилийн турш “Эврика”-г ивээн тэтгэхээ амлажээ.

 “Эврика”-д тавигдсан илтгэлүүд амьдрал дээр бодит ажил болж хэрэгжих бүрэн боломжтойн дээр нийгэмд хэрэгтэй шаардлагатай, тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга зам, гарцыг нээж өгөхөд анхааран ажиллана гэдгээ зохион байгуулагчид илэрхийлж байсан юм. Сонирхуулахад “Эврика”-г ивээн тэтгэгч байгууллагууд сэдвээ захиалж судалгаа шинжилгээ хийлгэх боломжтой ажээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж