Хөлбөмбөг + 3D дүрслэл = Жинхэнэ гайхамшиг

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг + 3D дүрслэл = Жинхэнэ гайхамшиг

Дэлхийн хөлбөмбөгийн “фестиваль” ид дундаа яваа энэ үед FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөг сонирхогчдод гайхамшигтай бэлэг барилаа. FIFA түүхэндээ анх удаа Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 3D дүрслэлээр үзүүлсэн нь хөлбөмбөг сонирхогчдын зүгээс зүй ёсоор талархал хүлээгээд байна.

Энэ боломжийг өнгөрсөн даваа гаригаас эхлэн дэлхий нийтээр нэгэн зэрэг туршиж үзсэн бөгөөд хөлбөмбөгийн ертөнцөөр тэр чигтээ амьсгалж байгаа хар тивийн чимээ шуугиан, сэтгэл хөөрлийг Монголын үзэгчид 3D дүрслэлээр тэдэнтэй нэгэн амьсгаагаар үзэх боломж тохиож байна.

Дэлхийн шилдэг 32 багийн тулааныг дунд нь байгаа мэт үзэж, нүдний урдуур сум мэт салхи исгэн харвах бөмбөгийн хурдыг мэдрэх боломж олгохын тулд ФИФА Японы “Sony” корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулж, Өмнөд Африкийн ДАШТ-ий 25 тоглолтыг дэлхийн зарим улс оронд гурван хэмжээст дүрслэлтэйгээр гаргахаар болсон юм.

Ийнхүү техник технологийн энэхүү дэвшлийг цэнхэр гаригийн ногоон талбайтай “уулзуулж, энэ удаагийн ДАШТ 3D хэлбэрээр үзэгчдэд хүрч байгаа анхны олон улсын чанартай дэлхийг хамарсан тэмцээн болж байгаа ч дэлхийн аваргын тоглолт өрнөх бүх цэнгэлдэх, талбайд олон тооны камер байрлуулах боломжгүй учир тоглолт бүрийг гурван хэмжээст дүрслэлээр үзэгчдэд хүргэх боломжгүй. Тоглолтыг 3D дүрслэлээр нэвтрүүлэхийн тулд цэнгэлдэхэд 32 ширхэг 2D камераас гадна зөвхөн 3D-д зориулсан долоон цэгт 14 камерийг байрлуулах шаардлагатайг Зохион байгуулагчид тэмцээний өмнө мэдэгдэж байлаа. Тиймээс тоглолт зохион байгуулах 10 цэнгэлдэхийн тавд нь буюу Кейптаун, “Дурбан, Порт Элизабет хотын цэнгэлдэхүүд, мөн нийслэл Йоханнесбург хотын “Соккер Сити” болон “Эллис Парк” цэнгэлдэхэд 3D камерыг байрлуулснаар дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчид тэртээ африкт байгаа мэт ер бусын мэдрэмжтэйгээр ногоон талбайн “тулаан”-ыг сонирхож байна.

Манай улсын хувьд Ази тивээс хоёулхнаа буюу Хонгконгийн хамт өнгөрсөн даваа гаригт анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг, тодруулбал Испани-Хондурасын тоглолтыг 3D дүрслэлээр дамжуулж эхэлсэн байгаа. Энэ гайхалтай боломжийг “Тэнгис” кино театр, “Skytel”, “BNCA” ХХК, “Desoft” студи хамтран бидэнд олгожээ. “Шидэт” технологийн дэвшлийг ашиглаж, хиймэл дагуулаас өндөр нууцлалтайгаар цацах гурван хэмжээст долгионыг хүлээн авах эрхийг Азиас хоёрхон авсны нэг нь монголчууд болсон юм.

Технологийн дэвшилд тулгуурласан энэхүү туршилтын цацалтыг “Sony” корпораци анх удаа хариуцан ажиллаж байгаа бөгөөд монголчууд бид “Тэнгис” кино театрт суурилуулсан Германы төхөөрөмжийгн тусламжтайгаар хүлээн авч үзэх болно.  Ирэх өдрүүдэд ДАШТ-ий хамгийн сонирхолтой тоглолтуудыг энэ технологиор шууд дамжуулах ба шөвгийн найм, хагас шигшээ, шигшээ тоглолтуудыг 3D-гээр үзэх боломжийг ОУХБХ-ноос дэлхий нийтэд санал болгоод байгааг хөлбөмбөг сонирхогчиддоо дуулгахад таатай байна.

“Тэнгис”-ийн дэлгэцээр хүртээл болох хөлбөмбөгийн амьд тоглолтыг хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа хүргэж байгаа. Харин тасалбарын үнэ тоглолтоосоо хамаарч 10,000-20,000 төгрөг байх болно. Тиймээс гайхамшигт хөлбөмбөгийг гайхалтай технологитой хослуулсан “Тэнгис”-т зочлоорой, фанатууд аа.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж