
Хэвлэлийн хурлын үеэр “Автобус1” орон нутгийн өмчит үйлчилгээний газрын дарга Ц.Одонтунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд нэгдэж, салбарын хөгжлийг тодорхойлохоор болсон гэлээ. Тэгэхээр энэ чуулганаар хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэх вэ?
-Нийслэлийн нийтийн тээвэр зам маршрутаас үүдэн маш эмх замбараагүй болсон байна. Хамгийн түрүүнд маршрутаа зөв, эмх цэгцтэй болгож, иргэн бүрт хүрэх үйлчилгээг сайжруулах юм. Нийтийн тээврийг зөвхөн бизнесийн байгууллага бус харин үйлчилгээнийх болгоно. Төр иргэдээ нийтийн тээврээр хангах үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд төр нийтийн тээвэртээ анхаарч ажиллах ёстой. Төрийн, хувийн гэлтгүй иргэн бүрт хүрч ажилладаг, үйлчилгээ үзүүлдэг байх ёстой. Одоо бол нийтийн тээвэр үйлчилгээний гэхээсээ илүү ашгийн төлөө ажиллаж байна. Том оврын автобуснууд хүнээ авахын тулд өөр хоорондоо уралдаж байна. Үүнээс үүдэн замын ачаалал үүсгэх, осол аваарь гаргах нь нэмэгдээд байгаа хэрэг.
Мөн нийтийн тээврийн салбарт боловсон хүчний хомсдол бий болоод байна. Өмнө нь автобусны жолооч гэж тусдаа бэлтгэдэг байсан. Автобусны жолоочийг онгоцны нисгэгч шиг бэлддэг байж. Тэгж байж олон хүний амь насыг дааж явах автобусны жолоочтой болдог байсан. Харин одоо бол D ангилалтай хүмүүс автобусны жолоочоор ажиллах жишээтэй.
-Чуулганы дараа нийтийн тээвэрт ямар өөрчлөлтүүд гарах вэ?
-Нийтийн тээвэр орлогыг эрхэмлэсэн биш харин иргэд хүргэх үйлчилгээг дээдэлсэн байгууллага болох ёстой. Автобусны чиглэл тодорхой болж, давхцахгүй болно. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал багасах боломжтой. Одоо нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээгээр уртаас урт автобусны цуваа явж байна шүү дээ. Үүнийг зохицуулах боломжтой. Улаанбаатарын өнцөг буланд хүрэх бололцоог нээнэ. Тэгэхгүй бол одоогийнх шигээ орлогоороо цалинждаг тогтолцоотой байвал автобусны “уралдаан” үргэлжилсээр байх болно. Тэгэхээр чуулганаар бодлого зохицуулалт шинэ шатанд гарна.
-Том оврын автобус тасалбарынхаа үнийг 500 төгрөг болгон нэмсэн. Одоо автобусны компаниуд алдагдалгүй ажиллаж байгаа юу?
-Ер нь бол судалгаагаар том оврын автобусны зорчих тасалбарын үнэ ойролцоогоор 550 төгрөг байвал алдагдалгүй ажиллана гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр 500 төгрөг болж нэмэгдсэн ч алдагдалгүй ажиллаж чадахгүй байгаа.
-Дөрөвдүгээр сарын 23-нд болох чуулганаар тасалбарын үнийг нэмэх асуудлаар ярилцах уу?
-Үгүй ээ. Зөвхөн нийтийн тээврийн цаашдын хөгжил, чиглэл зохион байгуулалтын талаар яригдана. Энэ удаагийн чуулганы гол зорилго бол нийтийн тээврийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход орших юм.