Азийн Азийн мэргэжлийн муай-тай боксын холбооны хурлаар Монголд Азийн аваргын төлөөх халз тулааныг зохион байгуулах шийдвэрийг гаргасан байна. Энэ дагуу Азийн мэргэжлийн муай-тай боксын холбооны 57 кг-ын аваргын төлөөх халз тулаан ирэх зургадугаар сард манай улсад болохоор болжээ. 57 кг-ын Азийн мэргэжлийн аваргын бүсийн төлөө Монголын шилдэг залуу тамирчин, кикбоксын ОУХМ Б.Гантогтох, Вьетнамын шилдэг залуу тулаанчдын нэг Танг нар өрсөлдөнө. Тамирчид гурван минутаар таван үе муай-тай боксын дүрмээр өрсөлдөх юм.
Монголын тамирчин Б.Гантогтохын тухайд энэ жил 18 настай. Азийн танхимын спортын наадмын мөнгө, Муай-тай боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2013,2014 онуудад дараалан хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр мэргэжлийн рингэнд 14 тулаан хийснээс 11 ялж, гурван удаад нь ялагдаад байна. Мөн 11 ялалтынхаа тавыг нь хүнд цохилтоор буулган авчээ. Харин Вьетнамын тамирчин Танг энэ жил 19 настай мэргэжлийн рингэд 20 тулаан хийж, 14 ялж, зургаа ялагдаад байгаа юм.
Б.БИЛЭГ