“Оюутолгой” эхний улирлын тайлангаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” эхний улирлын тайлангаа танилцуулав

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Оюутолгой” төслийг хэрэгжүүлж буй “Turquoise Hill Resources” компаниас 2014 оны эхний улирлын тайлангаа нийтэлжээ. Тайланд “Үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш гарсан зарим саад бэрхшээл, тухайлбал, хаягдлын өтгөрүүлэгч байгууламжийн самнуурын хутга эвдэрснээс болж нэг үйлдвэрийн шугам долоон долоо хоногоор саатсан зэрэг асуудал нь Оюутолгойн 2014 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн үр дүнд нөлөөлсөн боловч эдгээр эвдрэлийг засч 2014 оны гуравдугаар сарын сүүлээс үйлдвэрлэлээ дахин бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлсэн. Үүнээс гадна, баяжуулах үйлдвэр дээр 2014 оны 1 дүгээр улиралд хийгдэхээр төлөвлөж байсан хэд хэдэн томоохон засварын ажлыг, тухайлбал, бөмбөлөгт тээрмийн тохиргооны ажил, анхдагч бутлуурын засвар үйлчилгээ зэргийг амжилттай гүйцэтгэлээ.

2014 оны нэгдүгээр улиралд уурхайн олборлолт илүү гүнзгий хэсэг рүү орсоноор хүдэр дэх зэс, алтны агууламж улам өсч ирсэн. Энэхүү өндөр агууламжтай хүдрийн зэрэгцээ бидний хэрэгжүүлсэн хэд хэдэн  санаачилгын үр дүнд нэгдүгээр улиралд хүдрээс ялгаж авсан алт, зэсний хэмжээ нэмэгдлээ. Мөн 2014 оны гуравдугаар сард, алтны өндөр агууламжтай цөм хэсгээс бага хэмжээний хүдрийг Оюутолгойд баяжуулав.

Баяжмалын борлуулалтын хэмжээ нь хурдацтай нэмэгдэж үйлдвэрлэлийн хэмжээнд хүрч байна. 2014 оны 2 дугаар улиралд, Оюутолгойд нөөцөлсөн баяжмал буурах төлөвтэй байна.  Оюутолгой компани үйлдвэрлэлийн хэмжээгээ нарийн зохицуулж, шаардлагатай үед хэрэглэгчдийнхээ захиалгад нийцүүлэх замаар 2014 оны эцэс гэхэд нөөцийн хэмжээгээ хэвийн түвшинд хүргэхээр төлөвлөж байна.

Оюутолгой 2014 онд нийт 135,000-160,000 тонн баяжмал дахь зэс, 600,000-700,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвтэй байна” гэжээ.  
Мөн төслин санхүүжилтийн талаар “Талууд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зээлдэгчийн үүрэг амлалтын захидлын хугацааг 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах хүсэлтийг төслийн санхүүжилтийн зээлдэгч нарт явуулах тохиролцоонд хүрлээ” гэсэн байна.

“Туркойз Хилл Ресурс” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Кэй Пристли төслийн санхүүжилтийн талаар “Оролцогч талууд Оюутолгойн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх, мөн үлдсэн хувь нийлүүлэгчдийн асуудлыг бүрэн шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Ажил хэрэгч хэлэлцээ үр дүнгээ өгч, асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц гарлаа. Хэлэлцээ үргэлжилж байна” гэсэн байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж