
Уриалгад, “Хогийн ногоон уутыг айл өрхүүдэд тараах болсон нь Улаанбаатар хотын иргэдийн эсэргүүцэл эгдүүцлийг хүргэж байна. Өнгөрсөн онд улсын төсвөөс гурван тэрбум төгрөг зарцуулж нийслэлийн айл өрхүүдэд хүчээр тараасан бол энэ жил 4.3 тэрбум төгрөгөөр ногоон уутаа тараах гэж байна. Үүнийгээ 2016 он хүртэл үргэлжлүүлнэ гэж сүрдүүлж байна. “Азийн цагаан дагина” гэсэн бичигтэй ногоон уут нь амьдралын хэрэгцээ шаардлагад огт нийцэхгүй байна. Долоон тэрбум төгрөг бол долоон цэцэрлэг, эсвэл долоон сургууль, ахмадын чалаат цагаа өнгөрүүлэх долоон төв, долоон эмнэлэг, долоон спорт цогцолбор барих мөнгө. Энэ мөнгөөр Улаанбаатар хотыг бүхэлд нь ногоон зүлгээр хучихад хүрэлцэх байтал хогны уут нэртэй хог үйлдвэрлэж байна. Энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна. Бидний энэхүү шаардлагыг НИТХ-аар хэлэлцүүлэн тодорхой шийдвэр гаргахыг шаардаж байна” гэжээ.
Мөн "Эх орон газар шороо, шударга ёсны төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр тэргүүтэй "Гал үндэстэн" хөдөлгөөний удирдагчдыг төр засаг гянданд хийж шийтгэлээ. Бид Монгол Улсын иргэн хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг чанд сахих болон сахиулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Парламентад суудалтай эрх баригч, улс төрийн намуудын удирдагчдаас шаардаж байна. Учир нь төрийн эрх барьж байсан болон эрх барьж байгаа намд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан олон хүн улс орны эдийн засагт учруулсан хор хохирол нь илт болсон ч албан тушаалаа хашсаар байгаа баримт олон бий. Тиймээс "Монголын нэг өдөр 2014" цуглаанд оролцогчид шударга ёс тогтоох үүднээс гэмт үйлдэл нь илэрсэн улс төрийн намын гаралтай албан тушаалтнуудын гэмт явдлыг нэн даруй мөрдөн шалгаж, цээрлүүлэхийг шаардаж байна. Хариуцлага тооцож чадахгүй бол Ц.Мөнхбаяр тэргүүтэй "Гал үндэстэн" хөдөлгөөний удирдагчдыг суллах нь шударга ёсонд нийцнэ. Бид энэ шаардлагаа бүрэн биелэх хүртэл тэмцэх болно” гэдгийг Г.Уянга гишүүн онцоллоо.