Гатлага онгоцны ослоос 290 хүнийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

Гатлага онгоцны ослоос 290 хүнийг хайж байна

Өмнөд Солонгосын Өмнө Чолла мужийн Жиндо аралын ойролцоо өнөө өглөө /IV.16/ 8:58 цагт 477 зорчигчтой гатлага онгоц осолдож живээд байна. Сөүлийн албаныхны мэдээлснээр ослын улмаас одоогийн байдлаар аялалын компанийн ажилтан 22 настай эмэгтэй, Данвон ахлах сургуулийн эрэгтэй сурагч амь үрэгдсэн нь тогтоогджээ. Ослоос 180 гаруй хүнийг аварч гаргаад буй юм. Гэвч аврах багийнхны  хамгийн сүүлд орон нутгийн цагаар 15:20 цагт ирүүлсэн мэдээллээр гатлага онгоцны ослоос сураггүй болсон 290 хүнийг хайх ажил үргэлжилж байгаа гэнэ.

Чежү арлыг чиглэн Инчон хотоос далайд гарсан “Sewol” нэртэй гатлага онгоцонд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 324 сурагч, 14 багш, ажилтан зорчиж явсан аж. Өмнөд Солонгосын эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөө өглөө далайд өтгөн манантай байснаас гатлага онгоц усан дорх хад мөргөж осолджээ. Аврах багийн түрүүч ослын газарт 9:30 цагт хүрэлцэн ирсэн байна.

Ослын газарт нийт 34 хүлэг онгоц, завь, 16 нисдэг тэрэг ажиллаж байгаа юм. Ерөнхийлөгч Пак Кын Хегийн зарлигийн дагуу аврах ажиллагаанд Өмнөд Солонгосын нисэх хүчин тээвэрлэлтийн зориуллалтай 10 онгоц, нисдэг тэрэг илгээсэн бол тэнгисийн цэргээс 22 усан онгоц, хоёр нисдэг тэрэг, тусгай багийн хамт илгээжээ.

НЭМЭЛТ:
14:20 цаг

Гатлага онгоцон дотор амьд хүмүүс байгаа тухай “Reuters” мэдээллээ. Эх
сурвалжийн мэдээлснээр ослын дараа сураггүй болсон зорчигчдын дундаас
нэг сурагч өнөөдөр /IV.17/ аав руугаа мессеж бичсэн гэнэ. Тэр сурагч аав
руу гаа “Би амьд байна. Бас өөр сурагчид энд байна. Биднийг хурдан ирж
авраач” гэсэн мессеж явуулжээ. Гэхдээ одоогоор Өмнөд Солонгосын
албаныхан энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байгаа юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж