ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины нөхцөл байдлын талаар Европын түншүүддээ хаягласан захидлын хариуг өгөхөөр Европын холбоо яаравчилж байна. Европын холбооны хувьд байгалийн хийн “шударга үнэ” болоод Украинаар хийг дамжуулах талаар нэн түрүүнд анхаарал тавьж буй бололтой.
Сануулахад, өнгөрсөн долоо хоногт Путин Оросоос байгалийн хий худалдан авдаг Европын орнуудын лидерүүдэд захидал бичиж, Киев хийн төлбөрөө төлөхгүй байгаа учраас "Газпром" аргагүйн эрхэнд хийн нийлүүлэлтийн урьдчилсан төлбөрийн хувилбарт шилжинэ гэдгийг тодорхой дурдсан юм.
Европын холбооны лидерүүд нөхцөл байдлыг үл харгалзан байгалийн хийн үнийг бууруулах сонирхолтой байгаа аж. Ерөнхийдөө хариу захидлын агуулга нь тодорхой. Үүнд гэнэтийн, цочирдмоор зүйл үгүй.
Европын холбооны чухалчлан авч үзэх учиртай хэд хэдэн хүчин зүйлийг цухас дурдъя.
1. ОХУ өнгөрсөн жил Украинд тусалж байсан Европ тийм хэмжээний тусламж үзүүлж чадах уу?
Украины улсын өр энэ жил 72 тэрбум орчим ам.доллар болж, тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувьтай тэнцэнэ гэсэн тооцоо байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр дээрх үзүүлэлт 40,5 хувьтай байсан юм. Эдийн засгийн хямралт байдал мэдээжийн хэрэг төлбөрийн чадварт нөлөөлнө. Украинд байдал нэлээд хүндрэх бололтой. Мөн гадаад зах зээлээс мөнгө босгох нь ээдрээтэй болж, Украин олон улсын хөрөнгийн зах зээлд орж чадахгүйд хүрч магадгүй.
Энэ бүгдийн зэрэгцээ багагүй хугацаанд улсынхаа алт, валютын нөөцийг шаардлагатай хэмжээнд барьж байх ёстой. Эс тэгвээс гривний уналт бий болно. Гривний ханш нь төсвийн алдагдлын зургаан хувийн төвшинд 20-30 хувиар унах магадлал өндөр байгаа. Байгалийн хий, цахилгааны үнэ нэмэгдэж, нийгмийн халамж буурч байгаа учраас нийгмийн бухимдал улам бүр ихэснэ. Европ энэ бүхний эсрэг ямар төлөвлөгөө боловсруулж байна вэ?
2. Украин Европын холбоотой эвсэх гэрээний эдийн засгийн хэсэгт яагаад гарын үсэг зурахгүй байна вэ?
Украин одоогоор гэрээний эдийн засгийн хэсэгт гарын үсгээ зураагүй байна. Эдийн засгийн бүхий л эрсдлийг тооцохын тулд хугацаа хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой.
Одоо Украины экспортын гаалийн татвар буусан, гэхдээ аравдугаар сарын 1 хүртэл. Хэдхэн сарын дараа дуусгавар болоход Чөлөөт худалдааны бүсийн гэрээ хүчин төгөлдөр болох ёстой. Тиймээс Украины экспортлогчдын давуу эрх удахгүй эцэс болох юм.
Украины хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн экспорт хамгийн өндөр буюу нийт экспортын 25 хувийг эзэлж байна. Гаалийн татварын хөнгөлөлтийг үргэлжлүүллээ гэхэд Европын зах зээлд украин үр тариа байр сууриа нэмэгдүүлэх болно. Гэхдээ л үр тарианы экспорт квоттой. Үр тарианы квот нь боломжийн 3,5 сая тонноос 2 сая тоннын төвшинд байх юм. Өөр нэг жишээ нь сахар. Өмнө нь Украин 100 мянган тонн сахар экспортолж байсан бол квот нь дөнгөж 20 мянган тонн байх ажээ.
Ийм зүйл бусад салбаруудад ч хамаатай. Нэг том асуудал нь ЕХ-ны стандартад нийцэх эсэх. Украины бараа бүтээгдэхүүний дөрөвний нэг нь одоо ЕХ-ны стандартад таарч байгаа гэсэн үг. Үлдсэн экспортлогчид стандартад нийцэхийн тулд үйлдвэрлэлээ шинэчлэх ёстой болж байна. Үүнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өнөөгийн эдийн засгийн нөхцөлд хөрөнгө оруулалт татна гэдэг бэрх асуудал. Мөн Оросын толгойлсон Гаалийн холбоонд хүндрэлтэй болно.
Европын зах зээлд оруулах украин барааны жагсаалтыг өргөтгөхөд Европын холбоо бэлэн үү? Эдийн засгийн тусламжийн талаар яригдаж байгаа бол тус орны худалдааны эргэлтийн алдагдлыг тэнцүүлэх ёстой бус уу?
3. Европ нийлүүлэлтээ найдвартай хангаж чадах уу?
Хэрэв бэлэн бол яаж. Хууль бусаар хийг Украин замаас нь хулгайлбал хэн хариуцах вэ?
Одоо Украин “Газпромд” 2,2 тэрбум ам.доллараас илүү хэмжээний өртэй байгаа. Украины Үндэсний банкны дарга Степан Кубив бүх үүргээ биелүүлнэ гэж хэлсэн ч өр нь нэмэгдсээр байна. Украины хувьд нэг мянган шоо метр хий нь 485 ам ам.долларын үнэтэй болж байхад Украин 386 ам.доллар төлөхөд бэлэн гэдэг.
2006 онд дээрх асуудлаас болж "Газпром" хий нийлүүлэхээ больж, харин Европын авах хэмжээг үлдээж байсан. Тэр үеэр Украин хууль бусаар хий хулгайлж байна гэсэн яриа гарч байлаа. 2009 онд байдал давтагдаж бараг хоёр долоо хоногийн турш Европт нийлүүлэх хий тасарч байлаа.
Европын холбооны Эрчим хүчний комиссар Гюнтер Эттингер өнгөрсөн долоо хоногт Украинд өрөө төлөхөд нь туслах төлөвлөгөөн дээр ажиллаж байна гэсэн юм. Гэтэл тэр нь тодорхойгүй, хэзээ хэрэгжих нь мэдэгдэхгүй байна.
4. Европ ОУВС-гийн тусламжийн механизмыг өөрчилж чадах уу?
Украинд туслах гэж өгч байгаа хөрөнгө хүрэлцээгүй. Олон улсын зээлдүүлэгчид нийтдээ $27 тэрбумын тусламжийг ойрын хоёр жилд өгнө. Гэтэл Украины засаг захиргаа шаардлагатай тусламжийн хэмжээг 35 тэрбум гэсэн юм.
ОУВС-гийн гаргаж буй хөрөнгийн хэмжээ нь зээлийн тусгай эрхээр (pecial Drawing Rights, SDR) тогтоогддог. Одоо SDR хэмжээ нь 238,4 тэрбум евро буюу $369,52 тэрбум. Шинэчлэлийн дүнд SDR хэмжээ 476,8 тэрбум хүрэх ёстой. Тэр нь хөгжиж буй орнууд 6 хувийн квотоос илүү төвшинд хүрнэ гэсэн үг.
5. Европ ямар маягаар "Нафтогаза Украины" компанийн төлбөрийн чадварыг баталгаажуулах вэ?
"Нафтогаз Украины" нь зөвхөн улсын татаасаар орших дампуурсан компани болж байна. Одоо тус компанийн хийн өрийн асуудлыг хэрэгсэхгүй болголоо гэхэд хэсэг хугацааны дараа дахиад л ийм асуудалтай нүүр тулгарна.
Европ "Нафтогаз”-ыг шинэчил гэж Украинд шаардаж чадах уу? Том компаниудыг задлан үр ашгийг нь нэмэгдүүлэх арга Маргерет Тетчерийн аргаар Украин "Нафтогаз”-ыг задалж, бие даасан компаниуд болгож болно. Тийм алхам мэдээж ашигтай. Үүнд Европ нөлөөлж чадах уу?
Европын холбооны зүгээс Путинд өгөх хариу захидалдаа энэ мэт асуудлыг тусгах уу?