Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

“Д.Сугар аа, хэлсэндээ хүрэх цаг болсон” гэж хэлэхээс аргагүйдэв. Учир нь хэргийн эзэн хэнгэргийн дохиур болоод буй Д.Сугар өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд өгсөн ярилцлагадаа “Та Цэцийн гишүүнээсээ татгалзаад шалгуулж болохгүй юу” гэх асуултад “Одоохондоо Цэцийн гишүүнээс татгалзах нөхцөл үүсээгүй. Үнэхээр нийгмийн хэмжээнд Цэцийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн тохиолдолд. Хоёрдугаарт, хуулийн байгууллага намайг шударгаар шалгаад миний эрхийг баталгаатай хамгаалах нөхцөл бүрдсэн тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс татгалзах эр зориг надад бол бий. Үнэхээр намайг шалгахад тээг болж байгаа бол би татгалзаж болно. Одоогоор тийм нөхцөл байдал үүсээгүй” хэмээж байж.

“Ам алдвал барьж болдоггүй” гэдэг. “Эр хүн хэлсэндээ” ч гэж сайхан үг бий. Тэгвэл өнөөдөр Д.Сугартай холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн нэр хүнд газарт уначихаад байна. Яг өөрийнх нь хэлсэн Цэцийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн тохиолдол нь болчихоод байхад Д.Сугар “Би цэцийн гишүүнээс татгалзаж байна, намайг шалгаад орхи” гэж хэлчихгүйгээр сууж байна гэдэг даанч харамсмаар.

Үндсэн хуулийн Цэц гэдгийг хэн нэгэн буруутны хариуцлагаас бултан хоргодох байр, хийдгээ хийгээд дууссан хуульчдын дамжин өнгөрүүлэх газар болсон юм гэж үү. Асуудалгүй юм бол цэцийн гишүүнээсээ татгалзаад л шалгуулчихаж болохгүй гэж үү. Уг нь өөрөө ам алдсан л юм байна шүү дээ.  

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж