Хөрөнгийн бирж дампуурав уу?

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

Сүүлийн гурван өдөр явагдсан үнэт цаасны арилжааг харахад Монголын хөрөнгийн бирж ердөө 9-13 сая төгрөгийн хувьцаа арилжжээ. Хэдийгээр улс орны макро болон микро эдийн засгийн үзүүлэлтүүд сул, энэ нь хөрөнгийн зах зээлд тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг үгүйсгэхгүй ч бүхэл бүтэн улсын хөрөнгийн зах зээлийг хариуцсан ганц компани атлаа захын жижгэвтэр дэлгүүрийн өдрийн гүйлгээнээс дор арилжаа хийж байгаа нь  ичгэвтэр бөгөөд эмгэнэлтэй биш гэж үү. Энэ бүхэн хэзээнээс, юунаас эхлэв гэдгийг эргэн харъя.

Хорь гаруй жилийн түүхтэй Монголын хөрөнгийн зах зээлийг шинэчлэх  ажлыг 2011 оноос эрчимтэй эхлүүлсэн. Тухайн жил буюу 2011 онд Монголын хөрөнгийн бирж 350 тэрбум, 2012 онд 140 тэрбум, 2013 онд 94 тэрбум төгрөгийн хувьцаа арилжжээ. Тэгвэл өдөртөө арав ч хүрэхгүй сая төгрөгийн хувьцаа арилжиж байгаа Монголын хөрөнгийн бирж 2014 онд хэдэн тэрбумын арилжаа хийх нь сонирхолтой байгаа юм.

Шинэчлэлийн хүрээнд суурилуулсан MIT системийг нэвтрүүлснээс хойш өдөртөө 100 саяын арилжаа хийдэг байсан Монголын хөрөнгийн зах зээл 10 сая хүрэхгүй арилжаатай өнждөг болсон. Дэлхийн шилдэг гэх Лондонгийн хөрөнгийн биржийн  багийг өндөр үнээр хөлслөн авчирч, сүүлийн үеийн техник, технологиор тоноглосон Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа шинэчлэлийн хүрээнд өргөжих нь битгий хэл харамсалтай нь өдрөөс өдөрт уруудан доройтсоор байгааг шүүмжлэх хүмүүс бий. Тухайн үед шинэчлэлд зориулж Засгийн газраас 14.2 сая ам.доллар гаргахаар төлөвлөсөн ч хөрөнгө мөнгөний бололцоо байхгүйгээс Монголын хөрөнгийн бирж 5.7 сая ам.долларын зээл арилжааны банкнаас авсан байдаг. Гэтэл энэ зээлийн хүү, Лондонгийн багт төлөх ёстой хөлс мөнгө гээд нийтдээ 6.3 сая ам.долларын өр Монголын хөрөнгийн биржээс нэхэгдэж байгаа гэнэ. 

Хөрөнгийн зах зээлийг асар богинохон хугацаанд уналтад оруулсан MIT систем нь Монголын хөрөнгийн зах зээлд оролцогчдын хамгийн гол дэд бүтэц гэж хөрөнгийн биржийнхэн тайлбарладаг ч брокер диллерүүдийн зүгээс энэхүү шинэ системийг суурилуулснаар Монголын хөрөнгийн зах зээлд зарагдаж байсан арилжааны үнийн дүн өдрөөс өдөрт хасагдах  болсныг хүлээн зөвшөөрдөг. MIT систем нь арилжаа, хадгаламж, төлбөр, тооцоо гэсэн цогц асуудлыг бүхэлд нь шийдэж өгөх орчин үеийн технологи. Гэхдээ хамгийн том алдаа нь дээрх системийг суурилуулахдаа анхдагч зах зээлийн асуудлыг орхигдуулсан нь Монголын хөрөнгийн биржийг уналтад оруулахад хүргэсэн бололтой.

Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд амин судас болсон нэгэн чухал хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон.  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг хэрэгжүүлснээр кастадион үйлчилгээ нэвтэрч, банкууд өөрсдөө бизнес шийдвэрээ гаргаж зах зээлд оролцох боломжтой болж байгааг мэргэжилтнүүд тайлбарладаг. Хуульд заагдсан бас нэг гол асуудал бол давхар бүртгэл. Монголд бүртгэлтэй компани гадаадад, гадаадад бүртгэлтэй нь Монголд хувьцаа босгох боломжтой болж буй ч харамсалтай нь өнөөдөр гадаадын компаниуд Монголд хувьцаа гаргах нь битгий хэл үндэсний компаниуд өөрийн хөрөнгийн зах зээлд итгэхгүй больсон байна. Нөгөөтэйгүүр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталснаар хөрөнгийн зах зээл хөгжинө гэсэн монголчуудын мөрөөдөл хэзээ биелэгдэх нь тодорхойгүй байна.

Шинэчлэлийг голлон хариуцаж байсан Х.Алтай захирал хийсэн ажлынхаа үр шимийг ч харахыг хүсэлгүйгээр албан тушаалаасаа сайн дураараа огцорсон нь салбараа уналтад оруулсан хариуцлагыг хүлээхгүй гэснийх хэмээн шүүмжилж буй хүмүүс бий. Ийнхүү хуучин удирдлага нь тодорхойгүй шалтгаанаар ажлаа өгснөөс хойш дөрвөн сарын турш эзэнгүй айл шиг байгаа Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт одоо хэр дуусаагүй байна. Энэ асуудал Монголын хөрөнгийн зах зээлийн уналтад нэрмээс болж буйг үгүйсгэх аргагүй юм. Төрийн өмчийн хорооноос сонгон шалгаруулалтыг зарлаж, нийтдээ долоон хүн өрсөлдөж байгаа гэх мэдээллийг өгснөөс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн ч Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар хэн, хэзээ томилогдох вэ гэдэг асуудал бүрхэг хэвээрээ. Ер нь бол шийдвэр гаргаж, бодлого боловсруулах ёстой биржийнх нь удирдлагын асуудлыг шийдээгүй нөхцөлд Монголын хөрөнгийн зах зээл морь унасан толгойгүй хүн шиг байхаас яах вэ дээ.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж