Даатгалын салбарынхан чуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

Даатгалын салбарынхан чуулж байна

Дотоодын болон гадаадын даатгалын салбарынхныг хамарсан “Хүртээмжтэй даатгал” форум “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд өнөөдөр эхэлж, нийт 200 орчим төлөөлөгчид чуулж байна. Форумыг Монгол Улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой, Санхүүгийн салбарын зохицуулах байгууллага үүссэний 20 жилийн ойг угтан Санхүүгийн зохицуулах хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бичил даатгалын зах зээлийн чадавхийг бэхжүүлэх төслийнхөн зохион байгуулж буй юм.

Дэлхийн хэмжээнд даатгалын салбарын өсөлт сүүлийн арван жилийн хугацаанд саарсан бөгөөд хүн амын дийлэнх хэсэг санхүүгийн чадавхи муутай учраас эрсдлээс хамгаалж, даатгалд хамрагдах боломжгүй байгаа ажээ. Монголын хувьд даатгалын салбар нийт санхүүгийн зах зээлийн 0.5 орчим хувийг эзэлдэг бөгөөд бусад салбартай харьцуулахад туршлага хомс гэж тооцогддог тул цаашдаа шийдвэрлэх ёстой олон асуудал үүсч байна. Монголд одоогоор 17 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид Үндэсний даатгалын корпораци байгуулах асуудал яригдаж эхэлсэн. Энэ нь хувийн даатгалын компаниудыг шахах үзэгдэл болох талтай тул үүний оронд одоо байгаа хувийн даатгалын компаниудаа дэмжих хэрэгтэй талаар мэргэжилтнүүд хурлын үеэр санал бодлоо хэлж байсан юм.

Өөр нэг асуудал бол даатгалын салбарыг хөгжүүлж, иргэнд учирч болох эрсдлээс хамгаалахын тулд иргэдийн даатгалын талаарх мэдээллийг сайжруулах, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх хэрэгтэйг форумаар онцоллоо.

Форум маргааш үргэлжилнэ.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж