
Юлия Тимошенко
Украины “Батькивщина” намын лидер, ерөнхийлөгчид нэр дэвшигч Юлия Тимошенко сонгуулийн кампанит ажлаа хойшлуулж буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр зарлав. Гэхдээ тэр сонгуульд оролцохоос татгалзаагүй гэнэ. “Миний нэр бүртгэлд үлдэнэ. Би нэр дэвшигч хэвээр байгаа. Харин одоо сонгуулийн кампанийг хойшлуулаад мэргэжилтнүүдийн хамт Украины төлөө байгаа бүх иргэдийг нэгтгэсэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна” гэж Тимошенко мэдэгджээ. Түүний хэлснээр Оросын эсрэг хөдөлгөөний төв штаб ажиллаад эхэлсэн гэнэ. Удалгүй Оросын түрэмгийллийн эсрэг салбарууд энд тэндгүй байгуулагдах ажээ. Хамгийн анхны үүрүүд нь Харьков, Запорож, Днепропетровск мужуудад бий болох гэнэ.
Орон нутгийн бригадууд зэвсэгтэй байх эрхтэй бөгөөд тэдний зохицуулалтыг Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам хийх гэнэ. Санхүүжилтийг нь хийх олон улсын сан байгуулагдаж байна. Уг хөдөлгөөн нь хуулийн дагуу байгуулагдаж байгаа хэмээн Тимошенко онцлов.