Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн Филиппиний Манила хотноо болж байна. Энэ сарын 8-нд эхэлсэн тус тэмцээн өнөөдөр/04.16/ өндөрлөх юм. Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Япон, Тайвань, АНЭУ, Катар, Казахстан зэрэг 16 улсын баг оролцож байгаагаас "Алтайн барс" клуб улсаа төлөөлөн оролцлоо. "Алтайн барс" тэмцээнийг зохион байгуулагч Филиппин, Ирактай "А" хэсэгт багтаж, хэсгээсээ шалгарч чадаагүй. Улмаар Вьетнам, Папуа шинэ Гвиней, Хонгконгт хожигдсоноор нэг ч хожил авалгүй XVI байрт шалгарлаа.
"Алтайн барс" клубийн тоглолтын харьцааг танилцуулья:
04.08: "Алтайн барс" – Филиппин 0-3 (13-25, 23-25, 16-25) 52-75
04.10: "Алтайн барс" – Ирак 1-3 (12-25, 17-25, 25-23, 25-15) 69-98
04.13: "Алтайн барс" -Вьетнам 1-3 (20-25, 25-20, 20-25, 23-25) 88-95
04.14: "Алтайн барс" – Папуа шинэ Гвиней 2-3 (25:19, 25:22, 20:25, 20:25, 10:15) 100-106
04.15: "Алтайн барс" – Хонгконг 1-3 (23:25, 16:25, 25:23, 17:25) 81-98
Өнгөрсөн жилийн аварга Иран, дэд аварга Катар алтан медалийн төлөө, Казахстан, БНХАУ-ын Бээжингийн клуб хүрэл медалийн төлөө шалгарчээ. Шигшээ тоглолтууд өнөөдөр болсноор клубүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.
Энэ жилийн тэмцээнд түрүүлсэн клуб тавдугаар сарын сүүлчээр Бразилд зохиогдох волейболын клубийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхийг авах юм.
"Алтайн барс" 2013 онд Монголын Волейболын холбооноос зохион байгуулсан "Хаврын нээлттэй тэмцээн"-ээс алт, "Намрын нээлттэй тэмцээн"-ээс мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтаараа Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан билээ.
Тэмцээний фотог ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР