Та үслэг эдлэл худалдан авах гэж байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Та үслэг эдлэл худалдан авах гэж байна уу?

Хэрвээ та үслэг эдлэл худалдаж авахаар зэхэж байгаа бол түр азнаад бидний өгөх зөвлөгөөг уншаад үзээрэй.

Анхны цас хэдийнэ оржээ. Хацар хайрам час хийсэн өвөлд харин хотын дэгжин бүсгүйчүүд ямар хүрмээр гоёх гэж байгаа юм бол. 2007-2008 оны өвлийн загварт ямар чиг урсгал ноёрхож байна вэ. Тэгвэл энэ өвлийн гоёлд богино загвартай, тод өнгийн үслэг хүрэм таныг илүү дэгжин харагдуулах гэнэ. Яг л зун цагийг санагдуулмаар ягаан, шар, ногоон гээд өнгө өнгийн хүрэм моодонд орох нь ээ.
"Хүйтэн өвөл гэж байдаггүй харин муу хүрэм л гэж байдаг" хэмээн орос бүсгүйчүүд ярих дуртай. Тэгэхээр айсуу өвлөөс айх бус дулаахан, аятайхан хүрэм худалдаж авахдаа л анхаарах хэрэгтэй болж байна. Нүд булаасан дэгжин хээнцэр үслэг хүрэмнүүд дэлгүүрүүдэд ёстой л төрөл төрлөөрөө өлгөөстэй байна. Гэхдээ та тэдгээрээс өөртөө худалдаж авахын тулд сайныг муугаас нь, чанартайг нь чанаргүйгээс нь ялгаж сурах хэрэгтэй. Ингэвэл та хүйтэнд даарахгүй. Бас мөнгөө дэмий зарлагдлаа гэж бухимдахгүй байх болно.

Өнгө өнгийн хүрэм
-Энэ жилийн гоёл будмал үслэг хүрэм байх аж. Хэрэв та адтай нэгэн бол содон чамин шийдэлтэй хүрэм сонгоорой. Хөх зосон, бадмаараг улаан, маргад ногоон, нүүрсэн хар, солонгорсон ягаан өнгө хамгийн зөв сонголт. Зоримог сонголт таныг улам бүр дэгжин, моодны харагдуулах болно.
-Сафари хүрэм. Бар ирвэсийн арьсан хүрмээр гоёсон бүсгүйчүүдийг нэгэн стилист "Чулуун жунглээс ан авлахаар гарахдаа хотын нүсэр урсгалд араатны зөнгөөр уусан орно" хэмээн тодорхойлсон нь тун оножээ. Ер нь ямар ч үед сафари буюу араатны өнгө моодны оргилоос буудаггүй юм.
-Цагаан өнгийн хүрэм. Хэрэв овжин "зэрлэг араатан" маань гэм зэмгүй сахиусан тэнгэрт хувилахыг хүсвэл цагаан үслэг хүрмийг сонгон өмсөхөд л хангалттай.
-Сонгодог хар өнгийн хүрэм. Энэ бол Коко Шанелийн жижигхэн хар даашинз шиг мөнхийн гоёл. Гялгар, нүүрсэн хар өнгийн хүрэм ямар ч хувцсан дээр зохицдогоороо гайхалтай.
-Урт бариу нэхий дээл. Энэ тренд нь ямар ч үед өөрийн чухал чанараа алддаггүй. Харин энэ жилийн онцлог нь юу юм бол. Мэдээж өнгө. Ягаан, хар саарал, элсний шаргал өнгө хамгийн зөв сонголт байх болно.
Фасон, хэв загвар
-Фасон, хэв маягийн хувьд таны уран сэтгэмжийг хязгаарлах ямар нэг тээг хязгаар байхгүй. Гэхдээ үслэг хүрмэн пальтоны өвөрмөц загвар илүү моод болж байгааг анхаарах хэрэгтэй. За бас савхин бүстэй, "пижам" хэлбэрийн шулуун хагас богино хүрэм, хөнгөн сэвсгэр намирсан загвар, трапец хэлбэрийн дур булаам хүрэмнүүдээс сонголтоо хий.

Ангийн арьсны чанар
Загвар фасоноо сонгочихсон бол одоо эвтэйхэн, дулаахан, ганц улирал өмсөөд элэгдчихээргүй, чанар сайтай хүрмийг хэрхэн сонгох талаар зөвлөе.
-Ангийн арьс нь "өвлийн" байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өвөл агнасан ангийн арьсаар хийсэн хүрэм авах хэрэгтэй гэсэн үг. Үүнийг яаж мэдэх вэ. Үс сор нь илүү нягт, урт, сэвсгэр байдаг.
-Ангийн үсний ар хөрс нь зөөлөн, уян хатан дарайсан биш байх хэрэгтэй. Энэ тохиолдолд хүрэм намирсан долгиолог бас хөнгөхөн, сор үс нь амархан унаад байхааргүй байдаг. Хөнгөн гээд хэт "жингүй" хүрэм худалдаж авах гэхийн хэрэггүй. Жинг багасгаж, арьсаа хэмнэхийн тулд үйлдвэрлэгчид бяцхан заль хэрэглэдэг юм. Юу гэвэл хүрмээ оёхоосоо өмнө арьсаа хүчтэй татаж сунгадаг. Ингэж сунасан арьс нимгэрч, сор үсний хоорондын зай нь тэлэгдсэн байдаг бөгөөд өвөл өмсөхөд тийм ч дулаахан биш байдаг ажээ.

Ангийн арьсны төрөл
Халиун хүрмийг хамгийн удаан буюу 20 жил өмсч болдог байна. Эдэлгээний хувьд халиуны дараа минжин хүрэм зүй ёсоор орно. Минжин хүрмийг та гамтай хэрэглэвэл 18 жил ч өмсч болох ажээ. Үүний дараа булга, элбэнхийн арьсан хүрэмнүүд орох бөгөөд тэдгээрийг арваас ихгүй жил өмсч хэрэглэж болох гэнэ. За тэгээд каракуль, үнэг, ондаторын арьсан хүрмийг бол хамгийн ихдээ таван жил хэрэглэдэг. Туулай, ишиг, хурганы арьсаар хийсэн дээл хоёр жилээс хэтрэхгүй илч дулаанаа алдчихдаг гэдгийг та санахад илүүдэхгүй биз ээ. Хамгийн дулаан ангийн арьсанд булга, үнэгний арьс ордог. Халиу, минж, каракул бас дутахааргүй илч дулаан барьдаг. Харин хамгийн илч багатай нь үен, тарваганы арьс юм байна. Ямар ч ангийн арьсыг анх боловсруулахдаа үс, сорыг нь тэгшилж тайрвал илүүтэй гоёмсог сайхан харагдах хэдий ч, амархан дааруулаад байдаг муу талтай.

Ангийн арьсыг яаж шалгах вэ?
Үслэг хүрэмний үс сорыг нь сайн шинж. Гарынхаа алгаар илээд үзэхэд сор нь нягт, шулуун, толигор зөөлөн байхын дээр сөргүүлж илэхэд эргээд анхны байдалдаа хурдан орох ёстой. Ангийн арьсан хүрмийг шалгах хамгийн хялбар арга бол хэдэн ширхэг үсийг хуруугаараа чимхээд татаад үз. Бас хүрмээ бага зэрэг сэгсчээд үз. Энэ үед үс, сорноос нь унах эсэхийг сайн аж. Хэрэв үс нь амархан унаад байвал түүнийг худалдагч нь хэчнээн магтаж сайрхсан ч та авах гэж зүтгээд хэрэггүй шүү.

Ашигтай зөвлөгөө
Хаанаас худалдаж авах вэ? Ангийн үнэт арьсэн хүрмийг дагнан худалдаалдаг дэлгүүр, салоноос л худалдаж авах хэрэгтэй. Яагаад гэвэл та хүрэм худалдан авсны дараа ямар нэгэн өө сэв гарвал түүнийг буцааж солих, эсвэл мөнгөө эргүүлэн авах боломжтой байдаг юм. Зах дээр худалдаалж буй ангийн арьсан хүрэмнүүд хэдий хямд ч төдий хэмжээгээр чанар муу, баталгаагүй байдаг. Хэрэв та санхүүгийн боломжтой бол чанар сайтай булга, минжин шуба худалдаж авсан нь дээр. Эдэлгээний хувьд удаан, дэв зиндаагаа харуулахад ч нэн зохимжтой байдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж