Д.Сугар ба цалингийн 30 хувь

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

Д.Сугар ба цалингийн 30 хувь

Х.Тэмүүжингээр амьсгалж байсан жиргээ ертөнцийнхөн Д.Сугараар амьсгалж эхлэв. Өчигдрийн гол сэдэв Д.Сугарын цалинг 30 хувиар торгосон шийдвэр нь хариуцлага мөн үү гэх асуултаар жиргээний орон зайг дүүргэж байлаа. Жиргээчдийн бухимдлыг хүргэсэн мэдээг ишилбэл “Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа өчигдөр цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцох тухай тушаал гаргажээ. Учир нь, энэ сарын 9-ний өдөр АТГ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага хүлээлгэх эсэх тухай албан бичиг ирүүлсэн байна. Тиймээс албан бичгийн дагуу шалгасны эцэст түүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ бичихдээ хайхрамжгүй хандсан, хөрөнгө орлогын өөрчлөлтөө бүрэн гүйцэд мэдүүлээгүй алдаа дутагдал гаргасан гэж үзжээ. Ингээд түүнд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Авлигын эсрэг  хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3 дахь заалтыг үндэслэн "албан тушаалын цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 30 хувиар бууруулах" шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан байна. Мөн Авлигын эсрэг хуулийн 13.8.4 дэх заалт Үндсэн хуулийн цэцийн гишүүний эрх зүйн байдалд хамаарахгүй болохыг дурджээ. Ийнхүү Үндсэн хуулийн цэц Д.Сугарт хуулийн хариуцлага хүлээлгэснээр түүнд дахин хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс хаагдаж буй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хуулинд нэг зөрчлийн төлөө тухайн хүнд давхар давхар хариуцлага хүлээлгэх зарчим байдаггүй тул УИХ-аар хэлэлцэх ямар ч эрх зүйн үндэсгүй болж байгаа аж” гэсэн аж.

Ингээд л ар араасаа жиргээ үргэлжлэв. Жиргээчдийн түрүүнд УИХ-ын дарга З.Энхболд жиргэж “Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Япон, Солонгост байгаа 2 байр, офшор данс, орлого зээлээ мэдүүлээгүй ҮХЦ-ийн гишүүн” “Ч.Хорол­­­сү­рэнгийн хамаатан О.Тамирын хувийн данс руу Д.Сугар 3.654.067 ам.доллар шилжүүлжээ” “Сугарын талаар сонирхож байгаа жиргээчид УИХ гишүүдэд тараасан материалыг эндээс авна уу” хэмээн АТГ-аас Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн хяналт шалгалтын дүгнэлтийг түгээв.

Бухимдсан жиргээ үргэлжилсээр “Ардчилал шударга ёс чинь энэ байна. Сугарт хариуцлага тооцож гурван сарын цалинг 30%-иар хасаж ахиж шийтгэгдэхгүй” “Сугар гэдэг чинь угаасаа хэргээс сугарч vлдэхийг бэлгэдэж егсен нэр юм байна” “Заа бас арай ч дээ нээрээ хэлэх үг олдохгүйн дээ” “АТГ нь шалгаж дийлэхгүй байгаа юмуу Хаана ямар байр сууц ямар мөнгөөр авдаг байнаа” “Нэг хэргээр нэг л шийтгэдэг ахиж тэр хэргээр нь ямар нэгэн шийтгэл үзүүлж болдоггүй хуультай ингээд л хаагдчихаж бгаа юм уу” “токиод 535 саяар, Солонгосын Чэжүд 600 сая вонноор байр худалдаж авдаг Д.Сугарт цалингийн 30 хувь юу вэ” гэцгээж байв.

Д.Сугар хэрхэн хөрөнгөжсөн, яагаад нуун дарагдуулж байсан, түүнд яагаад “тохирсон” хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа гээд олон асуултыг бие биенээсээ асуусаар.

Нээрээ л “цалингийн 30 хувиар гурван сар хассугай” гээд л өнгөрчихөж байгаа гэж үү.

Цахим болжмор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж