Айлчлалын эхэнд Элчин сайд Д.Идэвхтэн тэргүүтэй төлөөлөгчид Воронеж мужийн Амбан захирагч А.В.Гордеевтэй уулзав.
Уулзалтын үеэр Воронеж Элчин сайд Д.Идэвхтэн мужид айлчлах албан ёсны урилга ирүүлж халуун дотноор хүлээн авч байгаад Амбан захирагч А.В.Гордеевт талархал илэрхийлээд миний энэ удаагийн айлчлал нь өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр талуудын хооронд байгуулсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалын үзэл санааг хэрэгжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, боловсролын хамтын ажиллагаанд ОХУ-ын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсролын нэгэн гол төв болсон Воронеж мужийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа болно хэмээн тэмлэглэн хэлэв. Тэрбээр цааш нь Та олон жил Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын ахлагчаар ажиллаж ирсэн, эдүгээ худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан, техникийн салбарт Монгол Улстай хамтран ажиллах ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Тиймээс та бидний уулзалт хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлоод айлчлалын хөтөлбөрийг чухамхүү дээр дурдсан зорилтуудад хандуулан төлөвлөсөнд сэтгэл нэн хангалуун байгаагаа илэрхийлэв.
Амбан захирагч А.В.Гордеев Элчин сайд Д.Идэвхтэнд Воронеж мужид тавтай саатан морилж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд Воронеж мужийн оруулж болох хувь нэмрийн бодит нөөц, боломжтой газар дээр нь сайтар танилцахыг хүсээд мужийнхаа өрсөлдөх чадвар, нөөцийн талаар танилцуулав. Тэрбээр цааш нь миний бие олон жилийн туршид Монголын Засгийн газартай хамтарч ажиллаж ирсэн. Эдүгээ ч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хүлээлгэсэн итгэл, үүргийг нэр төртэй биелүүлэхийн төлөө ажиллаж байна гээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Воронеж мужийн эдийн засаг, боловсролын салбарын бүтэц, хүчин чадал, хуримтлуулсан туршлага, мэдлэгийг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглүүлж, бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байна хэмээн тэмдэглэн хэлсэн талаар Гадаад харилцааны яамны Хэвлэлийн албанаас мэдээллээ.