&#34Орон нутгийн иргэд эрх ашгаа зөрчүүлдэг&#34

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

&#34Орон нутгийн иргэд эрх ашгаа зөрчүүлдэг&#34

А.Ариунболд: Орон нутгийн иргэд эрх ашгаа хамгийн ихээр зөрчүүлдэг

“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга А.Ариунболдтой ярилцлаа.

-ШӨХТГ-ыг иргэд нэг үе зөвхөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй мэт ойлгодог байлаа. Үүрэн телефоны яриаг секундээр тооцох гэх мэт асуудлуудаас болоод танай агентлагийг мэддэг болсон. Харин дээрх­тэй адил асуудлуудын үр дүн хэр байгаа бол?

-Манай байгууллагын тухайд олон асуудал руу орж байгаа. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон өр­сөл­­дөөний чиглэлээр тодор­хой чиглэлүүдийг барьж ажил­­­лаж байна. Тухайлбал олон нийтийн хамгийн сайн мэдэж байгаа нь нефть им­порт­­логчдийн маргаан.

Яг секундээр тооцохын хувьд бол олон улсад ийм жишиг маш ховор бай­даг байх аа. Анх манай бай­гуул­лага, Харилцаа хол­боо­ны зохицуулах хорооны удирд­лагын түвшинд ярьж бай­гаад санаачилга гаргасны хүрээнд хэрэгжиж байгаа.

Судалгаанаас харахад гар утас хэрэглэгчдийн бараг тал хувь нь эхний 40 секундэд шаардлагатай яриагаа хийчихдэг нь мэдэгдсэн.

Үүнээс үүдэн дээрх санал, санаачилга гарч, хоёр байгууллага үүрэн холбооны оператор ком­паниудын удирд­лагуудтай ярил­цан, шийдэлд хүрсэн байх. Түүнээс биш секундээр тооцно гэсэн эрх зүйн зохицуулалт бол байх­гүй шүү дээ.

Тиймээс оператор ком­паниуд бүх яриаг секундэд шилжүүлээгүй. Харин ир­гэдийн сонголтод зо­риулж, тус­гай багцууд гаргасан. Хэр­вээ тухайн хэрэглэгч бага ярьдаг бол секундын багцийг сонгох боломжтой.


-Үүнтэй зэрэгцээд яриа­ны тарифын асуудал сөхөгд­дөг шүү дээ?

-Тарифын хувьд Мобиком давамгай байдалтай гэдгээр нь Харилцаа холбооны зохи­цуулах хороо үнийг хянадаг. Дунджаар хоёр төгрөг тог­тоож өгсөн юм билээ.

Үү­нийг нь дагаад бусад ком­паниуд ч жишиг маягаар тог­тоосон байдаг. Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ онд ярианы тарифыг дахин нягталж үзэхээр болсон.

-Үүрэн холбооны асууд­лыг удирдлагууд ярилцаад шийдчихэж. Гэхдээ танай байгууллага яг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй юм бэ?

-Үндсэндээ 42 албан хаагчтай, тэдгээрийн 10 гаруй нь бичиг хэрэг, жолооч зэрэг захиргааны ажилтнууд байдаг. Үлдсэн 30 орчим хүн маань Зар сурталчилгааны зохицуулах хэлтэс, Хэрэг­лэгч­дийн эрх ашгийг хам­гаалах, Өрсөлдөөнийг зо­­хи­­­цуу­лах хэлтэс гэж ху­вааг­­­даад, үндсэндээ 8-9 бай­цаагч л оногддог.

-ШӨХТГ-ын хувьд бай­цаагч нар нь байнга га­дуур яваад хууль зөрчиг­чидтэй хариуцлага тооцож амжихгүй. Тэгэхээр та­най байцаагч нар яаж ажил­ладаг хэрэг вэ?

-Монгол Улсын гурван сая орчим иргэн бүгд хэ­рэг­­лэгч. Төрийн ямар ч байгууллага, аппарат байсан хүн нэг бүрийн эрхийг хажууд нь байгаад хангуулж чадахгүй, амжихгүй.

Энд зөвхөн төрийн зөв бодлого л хэрэгтэй. Боловсон хүчин, санхүүгийн асуудал зэргээр зохи­цуулах учиртай. Бидний хувьд өргөдөл, гомдлын мөрөөр ажлаа гүйцэлдүүлнэ.

Мэдээллийн хэрэг­сэлийн мө­рөөр, түүнчлэн өөрсдийн са­наа­­чилга, дээд газрын өгсөн удир­­дамжийн дагуу хуулийн хэрэг­жилтэд ан­хааран үүргээ гүйцэтгэж байна. Үүний зэрэгцээ тө­рийн бусад байгууллагатай ажлаа уялдуулж ажилладаг. Тухайлбал хөдөө аймгуудын Хуулийн хэлтсийн дарга нарт улсын байцаагчийн эрх олгоод, тухайн орон нутгийн асуудлаа шийдэх чиглэл өгч байгаа.

Нийслэлд бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад газрынхантай хамтарч, өөрс­­­дийн дотоод нөөц болол­цоогоо ашиглаж байна.

Гэхдээ иргэд төдийгүй зарим орон нутгийн удирд­­лагуудаас орон тоо, бай­цаагчаа нэмээч, хамгийн их хохирдог хүмүүс энд байна гэдэг санал ирдэг.

-Нэмэхийн тулд бөөн асуудал үүснэ биз?

-Тэгэлгүй яах вэ. Асуудлыг Засгийн газрын түвшинд тавьдаг. Санхүүгээс эхлээд янз бүрийн зүйл тулгарна л даа.

-ШӨХТГ-ын байцаагч нар бусад байцаагч нараас давуу эрх эдлэх үү?

-Төрийн хянан шалгах хуульд заасан улсын бай­цаагчдын нийт­лэг эр­хийг эдлэнэ. Түүн дээр шаардлагатай гэж үзвэл үзлэг, нэгжлэг хийх эрхтэй.

Өрсөлдөөний тухай хуульд заасан үгсэн хуйвалдах гэдэг заалтыг баримтжуулахын тулд нэг аж ахуйн нэгжид очоод компью­терийн хардыг нь авах шаардлага гарахыг үгүйсгэхгүй.

Энэ тохиолдолд хэд хэдэн бай­цаагч тухайн байгууллагуудад зэ­рэг очоод шалгалтаа эхлүүлэхгүй бол нөгөөх нь хэн нэгнээсээ сонсоод файлаа устгах боломжтой болчихно шүү дээ. Энэ бол олон улсад байдаг л жишиг.

-Тэгвэл тэр хэмжээгээрээ хам­гаалалт, нийгмийн асуудлаа ший­дүүлсэн үү?

-Бусдаар бол бусад улсын байцаагч нартай яг адилхан. Цалин хөлс, нийгмийн асуудал бүгд ижил.

Мэдээж байцаагч нарыг маань хэл амаар доромжлох, түлхэж унагах, хөөх зэргээр зүй бусаар харилцах тохиолдол бишгүй таарна. Хэдийгээр хамгаалах хэрэгсэл ашиг­лахыг зөвшөөрдөг ч санхүү­гийн асуудлаас болоод тийм зүйлгүй л явж байна.

-Тэгвэл авлига, хээл хахуульд өртөхгүй гэх баталгаагүй юм байна даа?

-Тухайн албан хаагчийн ухамсар, удирдлагын хэрэг­­жүүлж буй зөв менеж­ментээс л шалтгаална. Өнөөд­­рийн байдлаар манай байгууллагаас элдэв хэл аманд өртөж, асуудал үүсээ­гүй л байна.

Хамгийн гол төрийн байгуу­лагад ямар хүн ажиллах ёстой гэдэг зарчмаар том бүтцээр нь харахгүй бол хэсэгчлэн харж бүгдийг муугаар хэлж, бодож болохгүй байх аа.

-Тэгвэл ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах нөхц­лөөр хэр хангагдсан вэ. Ма­гадгүй танай хэн нэг байцаагчийн гэр бүлийн хүн аж ахуйн нэгжид ажилладаг байгаад халагдлаа гэхэд эргээд хариугаа авах байдал ажиглагдах ч юм уу?

-Ийм байдал үүсч байгаагүй, үүсээгүй. Гэхдээ үүсэх­гүй гэх баталгаагүй. Манай ажилчдын бараг 50 хувь нь шинэчлэгдсэн. Тө­рийн албанд тодорхой хуга­цаанд ажиллаад эхлэ­хээр аяндаа харагдана л даа.

-Яагаад 50 хувь шинэч­лэгдчихэв ээ. Дарга со­лигдоод уу?

-Янз бүрийн л шаардлага, шалтгаан бий. Хэвлэлээр нэг үе шуугисан есөн хүний асуудал ч байна.

-Шүүхээс буцаагаад ажилд нь ав гэсэн шийдвэр гар­чихаагүй юм уу?

-Ажилд эргүүлэн томил­сон асуудал одоогоор алга.

-Анх ШӨХТГ-тай холбоотой хууль батлагдах үеэр улстөрчдөөс маш их дарамт, шахалт өгч байсан гэдэг. Одоо нэгэнт хууль батлагдчихсан, хэрэгжээд явж байна. Энэ үед байцаагч нар болон удирдлагуудад дарамт хэр их ирдэг бол. Улстөрчдийн ард хэд хэдэн компани байдаг шүү дээ?

-Яг миний албан ту­шаалын хувьд байнга хя­налт шалгалт хийдэггүй. Гэхдээ одоогийн байд­лаар манай байцаагч, хэлтсийн дарга нарт энэ мэтийн дарамт ирсэн гэж сонсоогүй.

Дэлхийн бусад орнуудад ч өрсөлдөөний байгууллагыг хүч­­тэй ажиллуулах сонир­хол улстөр, бизнесийн бү­лэглэлд тэр бүр байдаггүй. Өрсөлдөөний хуу­лийг хүчтэй болгох гол систем нь олон нийтийн оролцоо, хэвлэл мэдээллийн бай­гууллага л байдаг. Эхний 5-10 жил бол шинэ учраас хөгжиж чаддаггүй.

-ШӨХТГ-т хэрэглэгчдийн эрх ашигтай холбоотойгоор аль сал­барын гомдол хам­гийн их ирдэг вэ?

-Одоогийн байдлаар СӨХ, орон сууцны кон­тор, барил­гын м2, өргөн хэрэг­лээний бараа, бүтээг­дэхүүн, хувцас, гутал, үүрэн телефон гэх зэргээр л орж ирж байна.

-Шударга өрсөлдөөний хувьд аж ахуйн нэгжүүд биесээ унагах гэж муу арга хэрэглэнэ биз?

-Өрсөлдөгчид бие биенийхээ талаар гомдол ирүүлэх нь харьцангуй бага. Ихэнхдээ иргэдээс л үнийн болон бараа бүтээгдэхүүний чанарын талаар өргөдөл, гомдол өгдөг.

-Хүлээж авсан гомдлыг хэр шийдвэрлэж, хариу өгч амждаг вэ?

-Өнгөрсөн жилийн тухайд Өрсөлдөөнийг зохицуулах хэлтэст 144 өргөдөл ирсний 125-ыг шийд­вэрлэж, хариуг нь өгсөн. Хэрэг­лэгчдийн эрх ашгийг хамгаалах хэлтэст ирсэн 738 өргөдөл, 580 гом­долд зохих хариуг өгсөн.

Харин Зар сурталчилгааны зохицуулах хэлтэст ирсэн 31 өргөдлийг бүрэн шийдвэрлэж хариуг нь өгсөн. Төрийн захиргаа удирдлагын хэлтэст 20 гомдол ирсний 17-г нь барагдуулсан байдалтай тайлан гарсан.

 
Ж.НАРАНГЭРЭЛ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж