Төр, засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох, иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, төрийн санхүүг эрүүл, тогтвортой, сахилга баттай болгож төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор Шилэн дансны тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Тодруулбал, төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ. Мөн улс болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн гүйлгээ, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа “цогц байдлаар” олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчийн зүгээс үзэж байгаа юм.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл байлаа. Уг төслийг олонхи гишүүн дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд тусгаснаар “Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр заажээ. Хууль батлагдсан нөхцөлд 2 сая орчим ам.доллар буюу 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний тоног төхөөрөмжийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх юм байна.
Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрийг хангах зорилгоор “Амгалан” дулааны станцыг барих ажил өнгөрсөн жил эхэлсэн юм. Газар чөлөөлөлтөөс болж, барилгын ажлыг эхлүүлж чадалгүй хугацаа алдсан ч одоо графикийн дагуу хэвийн үргэлжилж буй юм байна. Эрчим хүчний сайд М.Сономпилийн онцолсноор “Амгалан” дулааны станц ашиглалтад орсноор 20 мянган айлын орон сууцыг дулаанаар бүрэн хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна.