Ингээд байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, дэмжлээ. Энэ төсөл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн тав дахь хэсгийн 1-18 дахь заалтад "Эрхлэх асуудлын хүрээнд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал" гэж нэмэхийг санал болгосон төсөл юм.
Гамшгийн нөхцөлд байгаа агаарын бохирдлын асуудал нь төрийн иж бүрэн, өргөн уялдаатай, бүх нийтийн оролцоотой хандлага, арга барил, гамшгийн нөхцөлд тохирсон менежментийг шаардаж буй. Агаарын бохирдлыг бууруулах асуудал нь нийгэм, эдийн засаг, экологийн хүрээг хамарсан цогц асуудал. Нийслэлийн агаарын бохирдлын өнөөгийн түвшин гамшгийн хэмжээнд хүрч, бохирдол, тоосонцорын хэмжээгээрээ дэлхийн хамгийн их бохирдолтой хотын нэг болоод байгаа энэ үед асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, идэвх санаачлагатай хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс цаашид агаарын бохирдлыг төрийн бүх интитуцийн оролцоог хангасан бүх нийтийн оролцоотой, гамшгийн нөхцөлд тохирсон менежмент, иж бүрэн хандлага, арга барилаар шийдвэрлэх шаардлага тулгараад байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах замаар бүх яамны чиг үүрэгт нь агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг хуульчлан тогтоож өгөхөөр энэхүү
Өөрөөр хэлбэл, Агаарын бохирдол Ерөнхий сайдын харьяанд шилжихээс гадна бүх яамдын чиг үүрэгт агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг хуульчилж өгч байгаа юм. Ингэснээр дан ганц Ерөнхий сайд утааны асуудалд санаа зовох бус бүх яамд ч ажлын уялдаа холбоогоо сайжруулж, утааны эсрэг тэмцэнэ гэсэн үг юм байна. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хурааж, байнгын хорооны гишүүдийн олонхи нь энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Үүгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.