Беларусь Орост байгалийн хийн өрөө төллөө

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Беларусь Орост байгалийн хийн өрөө төллөө

Беларусь улс Оросын “Газпром” компанид байгалийн хийн төлбөрийн өрөө бүрэн төлж дууслаа гэж мэдэгдлээ. Орос улс Беларусь руу дамжуулах байгалийн хийн хэмжээгээ 60 хувиар бууруулаад байсны дараа Беларус энэ мэдэгдлийг хийсэн байна. Беларусиар дамжуулан хүлээж авдаг байгалийн хийн хэмжээ нь 30 хувиар буурсан гэж Литва мэдэгдсэн. Оросын “Газпром” компанид 187 сая ам.доллар төлөхийн тулд Беларусь 200 сая ам.доллар зээлэх хэрэгтэй болсон гэж Беларусийн нэгдүгээр дэд Ерөнхий сайд, Парламентын гишүүн Владимир Семашко ярьсан байна. Төлбөр хүлээж авсан талаар одоогоор “Газпром” мэдээлээгүй байна.
Өчигдөр лхагва гаригийн үүрээр “Газпром” Беларуст нийлүүлдэг байгалийн хийн хэмжээгээ бүр бууруулах болно гэж мэдэгдсэн юм. Даваа гаригт Орос байгалийн хийн нийлүүлэлтээ 15 хувиар танасан бол, мягмар гаригт дахин 15 хувь, лхагва гаригт 30 хувь нэмж танасан юм. Хэрвээ төлбөрөө төлөхгүй бол нийлүүлтээ 15 хувь хүртэл бууруулах болно гэж “Газпром” анхааруулж байсан.
2010 оны эхний улиралд Орос улс Беларусьт нийлүүлдэг байгалийн хийн үнээ 1,000 куб метр хийний үнэ 150 ам.доллар байсныг 169.20 ам.доллар болгож өсгөсөн бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд үнийг нь дахин нэмж 184.80 ам.доллар болгосон. Харин Беларусь хэрэглэсэн байгалийн хийн үнээ 150 ам.доллараар төлсөөр байсан юм. Хэрвээ Беларусь нэмэгдсэн үнээр биш, нэмэгдээгүй байх үеийн үнээр төлсөөр байх юм бол оны төгсгөл гэхэд Беларусь 500-600 сая ам.долларын өртэй болно гэж “Газпром” тооцсон.
Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенко “байгалийн хийтэй” холбоотой зөрчил үүсч магадгүй гэж анхааруулсан бөгөөд Орос улс Беларусийн нутгаар дамжсан дамжуулах хоолойг ашигласны төлбөрт 260 сая ам.доллар Беларусьт төлөх ёстой байгаа гэж мэдэгдсэн. Беларус өмнө нь ирэх сарын эхээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх гаалийн татварын тухай тохиролцооны хүрээнд Оросыг одоо байгаагаасаа хямд үнэтэй байгалийн хий, газрын тос нийлүүлэхийг ятгасаар байгаа юм. Орос, Беларусь хоёр ойр түнш, холбоотнууд хэдий ч сүүлийн хэдэн жил зарим асуудал, тэр дундаа эрчим хүчний асуудлаас болж хоорондоо зөрчилдсөн тохиолдол гарсан. Сүүлийн хэдэн жилийн дотор Орос улс Украйнь, Беларусь руу нийлүүлдэг байгалийн хийгээ хэд хэдэн удаа зогсоосон тохиолдол гарсан.

Орос, Беларусийн байгалийн хийн маргаанд Европын Холбооны гишүүн улсуудаас хамгийн түрүүнд өртсөн улс нь Литва болсон бөгөөд маргаан даамжирч магадгүй гэж үзэн хөрш Латвиар дамжуулан байгалийн хий импортолж авахаар бэлтгэл ажил хийж эхлээд байсан байна. Зуны улиралд эрчим хүчний хэрэгцээ харьцангуй буурдаг тул үүнээс болоод томоохон бэрхшээл хүндрэлтэй учраагүй гэж Литвийн эрчим хүчний сайд Арвидас Секмокас ярьжээ. Оросоос Европ руу экспортолдог байгалийн хийний ихэнхи нь Украйнаар дайрдаг хэдий ч Литва, Герман, Польш гэсэн улсууд Беларусиар дамждаг хоолойноос байгалийн хий авдаг. Импортолж авдаг байгалийн хийний хэмжээ нь буурсан талаар Польш, Герман мэдэгдээгүй байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж