Энэ үеэр Америкийн тал манайд цэргийн баазаа байгуулах хүсэлтээ уламжилсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнээс тодруулсан юм.
-АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэл айлчлалынхаа үеэр манай улсад АНУ-ын цэргийн бааз байгуулах хүсэлтэй байгаагаа уламжилсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ үнэн үү?
-Цэргийн бааз байгуулах талаар ямар нэгэн яриа хэлэлцээр хийгдээгүй. Америкийн тал манайд Цэргийн бааз байгуулах талаар ямар нэгэн яриа хэлэлцээр хийгдээгүй.
-Тэгвэл чухам юунаас болж ийм мэдээлэл гарсан юм бол?
-Хэвлэлийн бага хурлын үеэр “Вашингтон пост” сонины сурвалжлагч “Монгол Улс цаашид гадны цэргийн бааз байгуулах уу” гэж асуусан. Манай улсын хувьд гадны цэргийн бааз оруулж ирэх, байгуулах нь хуулиар хориглогдсон байдаг гэдгийг хэлсэн.
-Мөн Төв Африкийн Бүгд Найрамдах улсад манай энхийг сахиулагчдыг явуулахаар тохирсон гэх яриа байна?
-Бид НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод арав гаруй жил болж байна. Цаашид энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлнэ. Энэ нь Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой. Дипломатын аргаар улс эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалж байгаа. Харин ТАБНУ руу явуулах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй.